АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКТАЙ ХҮНСНИЙ ТОГТВОРТОЙ ХАНГАМЖ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА.


3 сарын өмнө


wlk4oP4NA4WKh2D.jpg

Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд С.Наранцогт Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Зүүн Азийн газрын Байгаль орчин, байгалийн нөөц, хөдөө аж ахуйн хэлтсийн дарга Томас Панелла, Суурин төлөөлөгч Павит Рамачандран тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзан хүнсний тогтвортой хангамж, аюулгүй байдлыг хангах асуудлыг цогц байдлаар хэрхэн шийдвэрлэх, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлэх зарим төслийг энэ чиглэлд уялдуулж хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

Мөн хүнсний хангамж, аюулгүй байдлыг хянаж, удирдах үндэсний системийг Засгийн газрын одоо байгаа цахим дэд бүтцэд тулгуурлан хөгжүүлэх, холбогдох хууль эрх зүйн орчныг сайжруулах талаар АХБ-ны техник туслалцааны хүрээнд хамтран ажиллах боломжийг судлахаар тохиров.

kw9mUoT4j3zLH84.jpg

Талууд хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулахад зөвхөн хөдөө аж ахуйн салбараар тогтохгүй,  бүх салбарын оролцогчдын уялдааг хангах, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай талаар санал нэгдэж, энэ чиглэлээр зөвлөлдөх уулзалт, арга хэмжээг энэ оны 10 дугаар сард хамтран зохион байгуулахаар тохиров.

Мөн 2022 оны 11 дүгээр сард болох НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг чуулганы бэлтгэл уулзалтыг 2022 оны 10 дугаар сард Moнгол Улсад зохион байгуулах тухай санал солилцлоо. Тус уулзалтаар ойн удирдлага, сэргээгдэх эрчим хүч,  ногоон хөгжлийн салбарт хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар олон улсын хэмжээний хэлэлцүүлэг хийхээр төлөвлөж байна.
 VWtvgtV3Q9Vs5L8.jpgsgftAHSeUdJj7ue.jpg