Үндсэн үйл ажиллагаа
НЭГ. ЭРХЭМ ЗОРИЛГО
Яамны үйл ажиллагааны эрхэм зорилго нь Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийг төлөвлөх, хөгжлийн нэгдсэн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагааг нэгдсэн арга зүй, удирдлагаар хангах замаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн чадавхыг тогтвортой, хүртээмжтэй дээшлүүлэхэд оршино.
ХОЁР. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН ЗОРИЛТ
Яам нь үйл ажиллагааныхаа эрхэм зорилгынхоо хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:
2.1.Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг үндэсний, салбарын, салбар хоорондын, бүс, орон нутгийн уялдааг ханган боловсруулах, хүн амын өсөлтийг дэмжих, хүний хөгжлийг хангах, нийгмийн хөгжлийн болон өндөр технологи, үндэсний инновацийн тогтолцооны нэгдсэн бодлогыг тодорхойлох;
2.2.Макро эдийн засгийн бодлого, эдийн засгийн болон хөгжлийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлж, салбар, дэд бүтцийн зохистой харьцааг тогтоох;
2.3.Бүсчилсэн хөгжлийн бодлого, салбарын хөгжлийн оновчтой байршлыг тогтоож, бүс, орон нутгийн хөгжлийг тодорхойлж, аж үйлдвэрийн нэгдсэн бодлого, төлөвлөлтөөр хангах, бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны ажлын албаны чиг үүргийг хэрэгжүүлэх;
2.4.Чөлөөт бүсийг хөгжүүлэх, чөлөөт бүсэд үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааг дэмжих, хилийн боомтын бодлогыг тодорхойлж, нэгдсэн арга зүй, удирдлагаар хангах;
2.5.Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, төлөвлөлтийг тодорхойлж, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг боловсруулах, санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхойлох, хөрөнгө оруулалт татах, сурталчлах, хөрөнгө оруулагчдад төрийн үйлчилгээг үзүүлэх, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах цогц арга хэмжээг авч, төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлогыг тодорхойлж, төрийн өмчийн зүйлийг концессоор хэрэгжүүлэх үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих;
2.6.Эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааны нэгдсэн бодлогыг тодорхойлох, удирдлагаар хангах, энэ чиглэлээр хоёр болон олон талт эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх;
2.7.Зээл, тусламжийн нэгдсэн бодлогыг тодорхойлж, удирдлагаар хангах;
2.8.Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг боловсруулах, хэрэгжүүлэхтэй холбоотойгоор судалгаа, шинжилгээ хийх, шаардлагатай төсөл, хөтөлбөрүүдийн бодлогын судалгаа, техник эдийн засгийн урьдчилсан судалгаа, нийгэм, эдийн засгийн нөлөөллийн үнэлгээг хийх, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хүрээнд хийгдэх бусад судалгаа, шинжилгээний ажлыг гүйцэтгэх, олон улсын арга туршлагыг судлан санал боловсруулах;
2.9.Төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг бий болгож, санхүү, хөрөнгө оруулалт, хууль эрх зүйн болон гадаад харилцааны асуудлыг хариуцах, яамны өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах;
2.10.Үндэсний хэмжээнд хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн тайланг нэгтгэн гаргах, үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, сайдын эрхлэх асуудлын хүрээний санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд дотоод аудит хийж, яамны үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх