ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ДЭД САЙД Г.ТҮВДЭНДОРЖ ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ, ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЖИЛИЙН УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА.

A- A A+
ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ДЭД САЙД Г.ТҮВДЭНДОРЖ ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ, ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЖИЛИЙН УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА.

Узбекистан Улсын Самарканд хотноо 2023 оны 5 дугаар сарын 16-наас 18-ны өдрүүдэд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны (EBRD) 32 дах удаагийн захирагч нарын жилийн уулзалт “Invest in Resilience” сэдвийн доор амжилттай зохион байгуулагдаж байна.

Тус уулзалтад Монгол Улсаас Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг болон Хаан банк, Голомт банк, Мобиком корпораци, Мандал санхүүгийн нэгдэл, Дижитал концепт зэрэг хувийн хэвшлийн олон аж ахуй нэгжүүд оролцож байна.

ЕСБХБ-ны 2023 оны жилийн уулзалтын гол сэдэв хямралын үед эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих мөн эрчим хүчний найдвартай байдал, сэргээгдэх эрчим хүч рүү шилжих, хурдацтай хөгжиж буй зах зээлүүдийн дижитал шилжилт түүнийг дэмжсэн санхүүжилт гэх зэрэг өргөн цар хүрээтэй болж байна.

Чуулганы үеэр “The next frontier: investing in Mongolia's promising future” сэдэвт Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны сурталчилсан салбар хурлыг амжилттай зохион байгууллаа. Тус хуралдаанд Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалтын орчны талаар танилцуулга хийж уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүчний салбаруудад хөрөнгө орчуулагчдыг урьж, нягт хамтран ажиллах боломжтойг онцоллоо.

Панел хэлэлцүүлэгт ЕСБХБ-ны Төв Азийн бүсийн захирал Сюзанна Харгитай, Хаан банкны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Б.Эрдэнэдэлгэр, Голомт банкны Гүйцэтгэх захирал Като Норихико, Мобиком корпорацийн Гүйцэтгэх захирал Кожи Курушима, Мандал санхүүгийн нэгдлийн ТУЗ-ын дарга Ө.Ганзориг, “Дижитал Концепт” компанийн захирал Б.Гантиг нар панелистаар оролцож Монгол Улсын бизнесийн орчин, хөрөнгө оруулах боломж, ногоон санхүүжилт, дижитал шилжилт, хөрөнгийн зах зээл, хөдөө аж ахуй зэрэг олон сэдвээр хэлэлцлээ.

Мөн тус хурлын үеэр Eвропын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдтэй дараах санхүүжилтийн хэлэлцээрүүдийг үзэглэлээ.

  • ХААН Банктай хамтран "Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр"-ийн хүрээнд 20 сая ам.долларын урт хугацаат санхүүжилтийн гэрээ
  • ХасБанктай хамтран Ногоон эдийн засгийг санхүүжүүлэх бүсийн хөтөлбөрийн хүрээнд 25 сая ам.долларын санхүүжилтийн багц гэрээ
  • “Дижитал концепт” ХХК-тай хамтран жижиглэн худалдааны бизнесийг дэмжих, GS25 сүлжээ дэлгүүрүүдийг өргөжүүлэх санхүүжилтийн 18 сая ам.долларын санхүүжилтийн гэрээ.