Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах урт хугацааны үзэл баримтлал, бодлогын баримт бичгийн замын зураг боловсруулах арга хэмжээний нээлт амжилттай зохион байгуулагдлаа.

A- A A+
Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах урт хугацааны үзэл баримтлал, бодлогын баримт бичгийн замын зураг боловсруулах арга хэмжээний нээлт амжилттай зохион байгуулагдлаа.

Эдийн засаг, хөгжлийн яамнаас “Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах урт хугацааны үзэл баримтлал, бодлогын баримт бичгийн замын зураглал боловсруулах” төслийн нээлтийн арга хэмжээг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон бусад яамд, байгууллагуудтай хамтран 2050 Патвейс платформ, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр зохион байгууллаа.

Уур амьсгалын өөрчлөлтийн бодлого, төлөвлөлтөд салбар дундын уялдааг хангах, хэрэгжилт, үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр Эдийн засаг, хөгжлийн яам бусад оролцогч талуудтай идэвхтэй хамтран ажиллаж байгаа билээ.

Энэ хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, дасан зохицох чадавхыг нэмэгдүүлэх, салбар дундын уялдааг хангах зорилгоор “Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах урт хугацааны үзэл баримтлал, бодлогын баримт бичгийн замын зураглал”-ыг Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тэргүүлэх чиглэл, үндэсний онцлогт уялдуулан боловсруулах ажлыг эхлүүлээд байна. Энэхүү баримт бичиг нь уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр, Тогтвортой хөгжлийн зорилгод нийцсэн, хүлэмжийн хийн ялгарал багатай, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох урт хугацааны хөгжлийг зураглах юм.

Тус арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү нар нээж үг хэлсэн бөгөөд Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ногоон хөрөнгө оруулалт бүхий уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй бодлогыг хэрэгжүүлэх нь манай улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн салшгүй нэг хэсэг бөгөөд цаашид бодитой хамтын ажиллагаа чухал болохыг онцлов.