ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙД Ж.ЭНХБАЯР ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗАРТ АЖИЛЛАВ

A- A A+
ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙД Ж.ЭНХБАЯР ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗАРТ АЖИЛЛАВ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Дэд сайд С.Даваасүрэн нар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газарт ажиллаж, тус байгууллагын үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр, цаашдын зорилт, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцлоо. 

Монгол Улс анх 1979 онд Дэлхийн Оюуны өмчийн байгууллагын гишүүнээр нэгдэн орсон бөгөөд олон улсын 18 гэрээ, хэлцэлээр, конвенцэд нэгдэн ороод байна. Тус газар зохиогчийн эрхийн бүтээл 17285, газар зүйн заалт 59, барааны тэмдэг 102339, ашигтай загвар 4906, бүтээгдэхүүний загвар 4149, шинэ бүтээл 5477 бүртэж аваад байгаа аж. 2025 онд Оюуны өмчийн зөрчлийн талаар 41 гомдол хүлээн авч, зөрчлийн хэрэг нээсэн 20, татгалзсан 14, хялбаршуулсан дөрөв, харьяаллын дагуу шилжүүлсэн долоон зөрчил байгаа талаар Захиргаа удирдлагын газрын дарга Г.Гантулга танилцуулав.

Оюуны өмчийн газрын удирдлагууд байгууллагын үндсэн чиг үүрэг, оюуны өмчийн эрхийн хамгаалалт, патент, зохиогчийн эрх, барааны тэмдэг, газар зүйн заалтын бүртгэлийн өнөөгийн байдал, үйлчилгээний хүртээмж, цахимжилтын явцын талаар танилцуулга хийв. Сүүлийн жилүүдэд оюуны өмчийн мэдүүлгийн тоо нэмэгдэж, дотоодын зохион бүтээгч, гарааны бизнес эрхлэгчдийн оролцоо өсөж байгааг онцоллоо.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр оюуны өмч нь инновац, шинжлэх ухаан, технологи, бүтээлч үйлдвэрлэлийн хөгжил, эдийн засгийн өрсөлдөх чадварт чухал нөлөөтэйг тэмдэглэж, Оюуны өмчийн газар нь бусад салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, эдийн засгийн хөгжлийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн хэлсэн юм. Энэ хүрээнд оюуны өмчийн эрхийн хамгаалалтыг олон улсын жишигт нийцүүлэх, бүртгэлийн үйл явцыг хялбаршуулах, цахим үйлчилгээг өргөжүүлэх, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудлаар санал солилцлоо. Тухайлбал, патент, барааны тэмдгийг бизнесийн бодит үнэ цэнэ болгох, лицензжүүлэх, үнэлгээ хийх, санхүүжилт татах боломжийг нэмэгдүүлэх талаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах шаардлагатайг дурдав. 

Дэд сайд С.Даваасүрэн тус газрын албан хаагчдыг мэргэшүүлэх, олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, сургалт, дадлагын хөтөлбөрийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэв. Ажлын уулзалтын төгсгөлд оюуны өмчийн салбарт хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээг Эдийн засаг, хөгжлийн яамны дунд болон урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлэх, төр, хувийн хэвшил, судалгаа, инновацын байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд анхаарах хэрэгтэйг онцолсон юм.