Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг боловсруулах үйл явцад оролцогч байгууллагуудад арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой сургалт, хэлэлцүүлгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр зохион байгууллаа.

Эдийн засаг, хөгжлийн яамнаас Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/06 дугаар тушаалаар “Монгол Улсын болон аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөө боловсруулах аргачлал”-ыг шинэчлэн баталсан бөгөөд уг сургалт нь шинэчилсэн аргачлалыг хэрэгжүүлэх хүрээнд зохион байгуулагдав.

Сургалт, хэлэлцүүлгийг нээж Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн үг хэлэхдээ, Эдийн засаг, хөгжлийн яам нь Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг улс, бүс, орон нутаг, салбар хоорондын уялдааг ханган боловсруулж ирснийг онцоллоо. Тэрбээр нэг жилийн хугацаанд хэрэгжүүлэх “Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө”-ний төслийг боловсруулж, хуулийн хугацаанд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр ажиллаж байгааг тэмдэглэв.

Мөн “Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө”-ний төслийг “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан, үр дүнд суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр боловсруулж, шалгуур үзүүлэлт, суурь болон зорилтот түвшнийг бодитой тооцон төлөвлөхийг хэлсэн юм.
Түүнчлэн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг дэмжих системийн хандлагыг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн нэгдсэн системийг хөгжүүлж эхэлсэн бөгөөд уг системийг нэвтрүүлснээр төлөвлөлтийн үйл явц илүү үр ашигтай, оновчтой болох боломж бүрдэнэ.

Сургалтын хүрээнд Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний төслийг систем, программ хангамж ашиглан үр дүнд суурилсан арга зүйгээр боловсруулах шинэ системийг танилцуулж, төрийн захиргааны төв болон харьяа байгууллагын 80 гаруй албан хаагчийг сургалтад хамрууллаа.


