Орон нутгийн удирдлагуудад хөгжлийн бодлогоо танилцуулав

A- A A+
Орон нутгийн удирдлагуудад хөгжлийн бодлогоо танилцуулав

Засгийн газрын 2026 оны бодлого, зорилтыг танилцуулж, төр болон орон нутгийн байгууллагуудын уялдаа холбоог бэхжүүлэх зорилго бүхий Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын нэгдсэн уулзалт Төрийн ордонд боллоо.

Уулзалтад Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Дэд сайд С.Даваасүрэн, Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү нар оролцож, нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын бодлого, зорилтыг танилцуулсан юм.

Сайд Ж.Энхбаяр Засгийн газар иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалах, бүсчилсэн хөгжлийг бодит үр дүнд хүргэхийн тулд төр, орон нутгийн хамтын ажиллагааг нэн тэргүүнд тавин ажиллаж байгааг онцоллоо.

“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” буюу “Шинэ итгэл-Эрс шинэчлэл” бодлого нь хүний хөгжил, эдийн засаг, нийгэм, байгаль орчин, засаглал, бүсийн хөгжил, үндэсний өрсөлдөх чадвар, шинжлэх ухаан, технологи зэрэг 8 чиглэлд төвлөрч, нийт 362 үр дүнг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Энэхүү бодлогын хүрээнд хүний хөгжлийн индексийг 0.850-д хүргэх, эдийн засгийн өсөлтийг 6 хувиас дээш тогтвортой хадгалах, байгаль орчны гүйцэтгэл, засаглал, өрсөлдөх чадварын үзүүлэлтүүдийг ахиулах, орон нутгийн хөгжлийн ялгааг багасгах зорилт дэвшүүлсэн талаар мэдээлэл өгөв.

Мөн бүсчилсэн хөгжлийн хүрээнд Хангайн бүсэд мал аж ахуйн брэнд бүтээгдэхүүн, Баруун бүсэд эрчим хүч, Хойд бүсэд аж үйлдвэрлэл, Төвийн бүсэд хөдөө аж ахуй, Зүүн бүсэд хил дамнасан аялал жуулчлал, Говийн бүсэд ногоон эрчим хүч, Улаанбаатарын бүсэд бизнес эрхлэлтийг тус тус дэмжих бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Уулзалтын төгсгөлд Дэд сайд С.Даваасүрэн Засгийн газрын 300 хоногийн хөтөлбөрийг танилцуулж, ойрын хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээ, орон нутагтай хамтран ажиллах чиглэлийг танилцууллаа.