
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн, Төрийн нарийн бичгийн дарга нар Азийн хөгжлийн банкны Азийн газрын захирал Мухаммед Эсан Хан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хооронд 2025 онд шинэчлэн баталсан Түншлэлийн стратеги нь Засгийн газрын тэргүүлэх зорилтууд болон 2026-2030 оны хөгжлийн үндсэн чиглэлтэй бүрэн нийцэж байгааг талууд онцлон тэмдэглэлээ. Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн өнгөрсөн онд Азийн хөгжлийн банктай байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэнд, боловсролын чанартай хүртээмжийг нэмэгдүүлэх, гамшгийн үед хариу арга хэмжээ авах тогтолцоог бэхжүүлэх, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээг тусгасан нь Засгийн газраас ойрын жилүүдэд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй тэргүүлэх чиглэлүүдтэй уялдаж байгааг онцлов.

Тус банкны зүгээс цаашдын хамтын ажиллагаанд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх бодлогын шинэчлэлүүдийг дэмжиж ажиллахаа илэрхийлж, ялангуяа төр, хувийн хэвшлийн түншлэлийн тогтолцоог бэхжүүлэх, Төр хувийн хэвшлийн түншлэлийн төвийг байгуулах, чадавхжуулах чиглэлээр дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдлээ.

Түүнчлэн 2026 онд Монгол Улс Төв Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (КАРЕК)-ийг даргалахтай холбогдуулан, уг хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааг зөвхөн салбарын түвшний уулзалтаар хязгаарлахгүй, харин Засгийн газрын түвшний оролцоотой, бүс нутгийн эдийн засгийн ирээдүйг тодорхойлох стратегийн яриа хэлэлцээний индэр болгох зорилт тавьж байгаагаа дэд сайд илэрхийллээ.
Энэхүү зорилтыг бодит үр дүнд хүргэхийн тулд зохион байгуулалтын төлөвлөгөөг нарийвчлан боловсруулж, бүс нутгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чиглэсэн бодитой санал, санаачилгыг хамтран хэрэгжүүлэх талаар талууд санал солилцов.


