Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд Жетро-гийн бизнес семинар зохион байгууллаа

A- A A+
Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд Жетро-гийн бизнес семинар зохион байгууллаа

Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Японы гадаад худалдааг дэмжих байгууллага (JETRO)-той хамтран Японы бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдад зориулсан “Монгол Улсад бизнес хэрхэн эхлүүлэх вэ” сэдэвт бизнес семинарыг Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд зохион байгууллаа.

Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Эдийн засгийн хэлтсийн дарга Оцука Коки нар үг хэлж, хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн ач холбогдлыг онцоллоо.

Арга хэмжээний хүрээнд Монголын талаас Монгол Улсын макро эдийн засаг, худалдааны орчны сүүлийн үеийн ахиц дэвшил, Монгол, Японы худалдаа, хөрөнгө оруулалтын бодлогын хамтын ажиллагаа, Монголын хувийн хэвшлийн орчин, боломж, хөрөнгө оруулалтын хамгаалалт болон маргаанаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцууллаа. Харин Японы талаас экспорт, хөрөнгө оруулалтын даатгалын баталгаа, эрсдэлийн хамгаалалтын талаар танилцуулга хийж, бизнесийн хамтын ажиллагааны боломжийн талаар мэдээлэл солилцлоо.

Тус семинарт худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, мэдээллийн технологи, химийн үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгийн салбарын 22 компанийн 31 төлөөлөгч оролцож харилцан санал солилцлоо.

Арга хэмжээний үеэр талууд хоёр улсын бизнесийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, нэн ялангуяа Монгол, Японы хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хувийн хэвшлийн оролцоог өргөжүүлэх нь чухал болохыг онцлон тэмдэглэлээ.