
Эдийн засаг, хөгжлийн яамнаас Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг 2026 оны гуравдугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачид, хувийн хэвшил, иргэдийн төлөөлөл оролцов.
Хэлэлцүүлгийг нээж Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү хэлсэн үгэндээ 2025 онд олон улсын эдийн засагт тодорхой бус байдал өндөр байсан хэдий ч Засгийн газраас эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулах, сөрөг нөлөөг бууруулах чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснийг онцлон тэмдэглэлээ. Тухайлбал, экспортыг нэмэгдүүлэх, эдийн засгийг тогтворжуулах, төсвийн сахилга батыг төрийн бүх шатанд хэрэгжүүлэх, иргэдийн бодит орлогыг хамгаалах, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, төрийн өмчит компаниудын засаглал, үр ашгийг сайжруулах ажлуудыг үе шаттай хэрэгжүүлсэн байна.

Үүний үр дүнд 2025 онд эдийн засаг 6.8 хувиар өсөж, нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүн 89.9 их наяд төгрөгт хүрсэн байна. Гэвч дэлхийн геополитикийн нөхцөл байдал хурцдаж, Ойрх Дорнодын бүс нутгийн тогтворгүй байдал нэмэгдэж байгаа нь олон улсын санхүүгийн зах зээл, тээвэр логистик, хөрөнгө оруулалтын орчинд тодорхойгүй байдлыг нэмэгдүүлж, манай улсын нийлүүлэлтийн сүлжээ, шатахуун болон импортын үнийн дарамтад сөргөөр нөлөөлөх эрсдэлийг бий болгож байгааг дурдлаа.
Эдгээр нөхцөл байдал нь экспортын орлого, валютын ханш, инфляцад дарамт учруулж болзошгүй. Тиймээс төсвийн тэлэлтийг хязгаарлахгүй тохиолдолд инфляц, зээлийн хүү, валютын ханшийн эрсдэл нэмэгдэхийг анхааруулав.

Иймд дунд хугацааны төсвийн хүрээг төлөвлөхдөө илүү хариуцлагатай, нарийвчилсан тооцоололд тулгуурласан, сахилга баттай бодлого хэрэгжүүлэх шаардлагатайг онцолж, зөвхөн эдийн засгийн өсөлтийг дэмжихээс гадна эрсдэлийг оновчтой удирдах, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, болзошгүй хүндрэлүүдэд урьдчилан бэлтгэх бодлогыг цогцоор хэрэгжүүлэх шаардлагатайг тэмдэглэлээ.
Хэлэлцүүлгийн үеэр Эдийн засаг, хөгжлийн яамны Макро эдийн засгийн бодлогын газраас Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, дунд хугацааны төлөв байдлын таамаглалыг танилцуулсан юм.

Мөн Сангийн яамнаас Засгийн газрын өрийн удирдлага болон дунд хугацааны стратегийн баримт бичгийн талаар, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Нийгмийн халамжийн сангийн зарцуулалт, цаашдын бодлогын чиглэлийн талаар тус тус мэдээлэл өгөв.


