Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд “Шинжлэх ухаан, технологийн салбарт хөрөнгө оруулалт хийх боломж” сэдэвт долоо хоногийн арга хэмжээ өнөөдөр /2026.03.30/ нээлтээ хийж, “Судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулав.
Арга хэмжээг нээж Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү хэлсэн үгэндээ 2026 онд шинжлэх ухаан, технологийн салбарт нийт 156.4 тэрбум төгрөгийн санхүүжилт батлагдсанаас 55.1 хувь буюу 86.3 тэрбум төгрөгийг урсгал зардалд, 37.4 хувь буюу 58.6 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтад, 0.9 хувь буюу 1.48 тэрбум төгрөгийг Монгол судлалыг дэмжихэд, 6.4 хувь буюу 10.0 тэрбум төгрөгийг судалгаа, хөгжүүлэлтийн шууд зардалд тус тус зарцуулж байгааг онцлон дурдлаа. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний ойролцоогоор 0.1 хувийг эзэлж байна.

Тэрбээр судалгааны үр дүнг эдийн засгийн эргэлтэд нэвтрүүлэх, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, шинжлэх ухаан, технологийн салбарын эдийн засагт оруулах үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор энэхүү цуврал арга хэмжээг зохион байгуулж буйг онцлов.

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны дэд хорооны дэд дарга С.Зулпхар хэлэхдээ дэлхийн хөгжингүй орнууд шинжлэх ухаан, технологид тулгуурлан хөгжиж буйг тэмдэглээд манай улсын хувьд тус салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлагатайг онцлон дурдав. Мөн эрдэмтэн, судлаачдыг нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудалд шийдэл дэвшүүлэхэд идэвхтэй оролцохыг уриаллаа.

Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл “Шинжлэх ухаан, технологийн салбарт хөрөнгө оруулалт татах боломж” сэдвээр үндсэн илтгэл тавьж, салбарын хөгжлийн чиг хандлага, боломжуудыг танилцуулсан бол хувийн хэвшлийг төлөөлөн “Био Ундарга” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Удвал компанийнхаа туршлага, зах зээлд амжилттай нэвтрүүлсэн бүтээгдэхүүнүүдийг танилцууллаа.
Арга хэмжээний үеэр эдийн засгийн эргэлтэд нэвтрүүлэхэд бэлэн судалгаа, хөгжүүлэлтийн дараах төслүүдийг танилцуулав. Үүнд:
- Арьс, ширний үйлдвэрлэлд ашиглах ферментийн идэвхтэй бактер
- “Монгол төмс” төсөл
- Уурагт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн жишиг үйлдвэр
- Түргэвчилсэн оношлуурын прототип бүтээгдэхүүн
- “Б-Субтил 99” биобэлдмэл
- Малын эрүүл мэндийн бүтээгдэхүүний дэвшилтэт технологийн үйлдвэрлэл
Тус арга хэмжээнд төр, хувийн хэвшлийн 80 гаруй төлөөлөл оролцсон бөгөөд цаашид оролцогчдын хүрээ өргөжин тэлэхээр байна.
Хөтөлбөрийн хүрээнд мягмар гарагт “Шинэ санаанаас оюуны өмч рүү-Эрдэм идеатон” шинэ санааны уралдаан зохион байгуулагдана. Түүнчлэн пүрэв, баасан гарагт “Судалгаанаас бизнес рүү” сэдвийн хүрээнд хөдөө аж ахуй, анагаах ухаан, эрчим хүч, аж үйлдвэр, уул уурхайн салбарын эдийн засгийн эргэлтэд нэвтрүүлэхэд бэлэн судалгааны үр дүнг танилцуулах үйл ажиллагаа болно. Энэ хүрээнд судалгаанд суурилсан бүтээгдэхүүнүүдийн үзэсгэлэн болж байна.



