Худалдааг хөнгөвчлөх, хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиров

A- A A+
Худалдааг хөнгөвчлөх, хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиров

Эдийн засаг, хөгжлийн яам болон Гаалийн ерөнхий газрын төлөөлөл хамтарсан уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Эдийн засаг, хөгжлийн яамны Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бодлогын газрын дарга Д.Эрдэнэтуяа, Гаалийн ерөнхий газрын дарга П.Дэлгэрнаран тэргүүтэй хоёр байгууллагын нийт 30 гаруй төлөөлөл оролцов.

Талууд гадаад худалдааг хөнгөвчлөх, Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнуудтай байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын талаар санал солилцов. Эдийн засаг, хөгжлийн яамнаас гадаад худалдааны бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид хамтран хэрэгжүүлэх шаардлагатай ажлуудыг танилцууллаа.

Гаалийн ерөнхий газраас гаалийн хяналт, бүрдүүлэлт, хорио цээр, худалдааг хөнгөвчлөх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Засгийн газрын 2025 оны 51 дүгээр тогтоолын хэрэгжилтийн хүрээнд зарим барааны үндэсний кодод оруулсан өөрчлөлтийг танилцуулав.

Талууд чөлөөт худалдааны хэлэлцээрүүдийн хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлэх, гадаад худалдаа эрхлэгчдийг мэдээллээр хангах, сургалтын хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхэд анхаарахаар тохиролцов.

Гадаад худалдааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, худалдааг хөнгөвчлөх бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болов.