БҮС НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ИНТЕГРАЦЧЛАЛ, ЭДИЙН ЗАСГИЙН БОЛОМЖУУДЫГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТАРЧ АЖИЛЛАНА

A- A A+
БҮС НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ИНТЕГРАЦЧЛАЛ, ЭДИЙН ЗАСГИЙН БОЛОМЖУУДЫГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТАРЧ АЖИЛЛАНА

Эдийн засаг, хөгжлийн яамны Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бодлогын газрын дарга Д.Эрдэнэтуяа Азийн хөгжлийн банкны Төв болон Зүүн Азийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Еин Мин Яан, ТХХТ, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Баргав Дасгүпта, Хөдөө аж ахуй, хүнс, байгалын нөөцийн асуудал харицсан Шингфен Зан, Зүүн Азийн газрын захирал Эсан Мухаммад, зам, тээврийн асуудал хариуцсан захирал Чен Чен болон бусад салбар хариуцсан удирдлагуудтай уулзлаа. Энэ удаагийн уулзалтаар Монгол Улс болон Азийн хөгжлийн банкны стратегийн түншлэлийг бэхжүүлэх, бүс нутгийн хөгжил, эдийн засгийн интеграцид чиглэсэн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлуудыг хэлэлцэв.

Уулзалтын үеэр зам, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд онцгой анхаарч, энэ хүрээнд Монгол Улсаас Төв Азиар дамжин Европын зах зээлд хүрэх тээврийн гарцыг нэмэгдүүлэх, бүс нутгийн коридорууд болох Азийн автозамын сүлжээ 4А, 2-ын уялдаа холбоог сайжруулах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов. Бүс нутгийн авто тээврийн нэгдсэн даатгалын тогтолцоог бий болгох асуудлыг хэлэлцэж, хил дамнасан тээвэр, худалдааг хөнгөвчлөх бодит механизм бий болгоход хамтран ажиллах боломжийг судаллаа.

Эдийн засгийг төрөлжүүлэх, уул уурхайн салбарыг төрөлжүүлэх, уул уурхайн бус салбарыг хөгжүүлэх, тэр дотроо хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, олон улсын стандартад нийцүүлэх, бодлогын болон институцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр санал нэгдэв.

Түүнчлэн Засгийн газраас тэргүүн ээлжид хэрэгжүүлэхээр тодорхойлсон эрчим хүч, дэд бүтцийн төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгч, ТХХТ, хувийн хэвшлийн хамтын ажилагааны боломжуудын талаар санал солилцлоо.

Бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд Зүүн Ази, Төв Азийг холбосон Төв Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (КАРЕК)-ийн хүрээнд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны боломжуудыг нэмэгдүүлэх, чухал ашигт малтмалын салбарын нэмүү өртгийг сайжруулах чиглэлээр тодорхойлсон ажлуудаа эрчимжүүлэх талаар санал солилцсон юм. Энэ жил тус хөтөлбөрийн Сайд нарын уулзалтыг Монгол Улс даргалах бөгөөд энэ удаагийн сайд нарын уулзалтаар КАРЕК-ийн бондын зах  зээлийг хөгжүүлэх платформыг албан ёсоор зарлах, мөн чухал ашигт малтмалын олон талт санхүүжилтийн шинэ механизм бүрдүүлэх асуудлыг онцолж, олон донорын итгэлцлийн сан, түншлэлийн санхүүжилтийн хэрэгсэл, цаашлаад их хэмжээний хамтарсан санхүүжилтийг татах чиглэлд гарсан ахиц дэвшлийг тэмдэглэлээ. Ингэснээр Зүүн Азийн АСЕАН-ын жишгийн дагуу хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, чухал ашигт малтмалын хүрээнд суурь судалгаа,  ТЭЗҮ боловсруулахад дэмжлэг үзүүлэх, хувийн хэвшлийн оролцоог өргөжүүлэх, уул уурхайн салбарыг төрөлжүүлэн чухал ашигт малтмалыг хөгжүүлэх шаардлагыг талууд онцоллоо.

Түүнчлэн КАРЕК-ийн Төв Ази, Зүүн Азийн Улс орнуудын хувийн хэвшил, хөрөнгө оруулалтын боломжуудыг нэмэгдүүлэх үүднээс олон улсын байгууллагуудын хувийн хэвшил, ТХХТ-ийн удирдлагууд, эдгээр улс орнуудын хувийн хэвшлийг хамарсан эрчим хүч, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын арга хэмжээг зохион байгуулахаар санал солилцов.

Ойрх Дорнод, олон улсад өрнөж буй зөрчилдөөнөөс үүдэн бүс нутагт үүсч болох эрсдлүүд, тэр дотроо эрчим хүч, түлш, хүнсний аюулгүй байдлыг хангах хүрээнд АХБ-аас авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээнүүд, бүс нутгийн эдийн засгийн коридорыг бэхжүүлэх чиглэлээр байр сууриа илэрхийллээ.

Талууд цаашид бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд бодит үр дүнд чиглэсэн санаачилгуудын хэрэгжилтийг дараагийн түвшинд хүргэх, уялдуулах, хамтарсан үйл ажиллагааг эрчимжүүлэх, ойрын хугацаанд томоохон арга хэмжээнүүд дээр ахиц гаргах, энэ хүрээнд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаар тохиролцов.