
Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийг боловсруулахдаа олон талын оролцоог хангасан байх ба олон нийтээр хэлэлцүүлнэ.” гэж заасны дагуу “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө”-ний төслийн Төрийн бүтээмж, засаглалын салбарын олон нийтийн хэлэлцүүлгийг 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хийж, оролцогч талуудын саналыг авах ажлыг амжилттай зохион байгууллаа.
Эдийн засаг, хөгжлийн яамнаас Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний төслийн танилцуулгыг хийж, төрийн бүтээмж, засаглалын чиглэлээрх панел хэлэлцүүлэгт Батлан хамгаалах яам, Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Удирдлагын академийн төлөөлөл оролцож, салбарын хэмжээнд 2027 онд хэрэгжүүлэх онцлох ажил, үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги, хөгжлийн бодлого, төлөвлөлтөд тулгамдаж буй асуудал, гарц шийдэл, бодлого, төлөвлөлтөд оролцогчдын үүрэг оролцооны талаар санал солилцов.
Хэлэлцүүлэгт оролцогчдоос Улсын дээд шүүхийн төлөөлөл шүүхийн байгууллагуудын асуудлыг тусгайлан авч үзэх, Улсын ерөнхий прокурорын газар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон мэдээллийн технологийн программ хангамжийг нэмэгдүүлснээр иргэдийн шүүх засаглалд итгэх итгэл нэмэгдэж, үүний үр дүнд авлига буурч засаглал сайжрах, Хүний эрх хөгжил төвөөс салбар дундын байдлаар хэлэлцүүлэг хийж байгаа нь ач холбогдолтой, цаашид бодлогын баримт бичгийн гүйцэтгэлээр хэлэлцүүлэг хийх хэрэгтэй, хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлтүүд Тогтвортой хөгжлийн зорилготой сайтар уялдаж тусгагдсан, нийтийн эрх ашгийн өмгөөллийн нэхэмжлэл хүлээж авах нь шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, Цагдаагийн ерөнхий газраас цахимжуулалт нь мөрдөх байгууллагуудын ажлын бүтээмжид эерэг нөлөөтэй, гадаад, дотоод аюулгүй байдлыг зэрэг хангах, төлөвлөгөөний төсөлд зарим агентлагуудтай цаг гарган хүлээж авч уулзах саналуудыг хэллээ.
Тус хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яам, Үндсэн хуулийн цэц, Улсын Их Хурлын Тамгын газар, Улсын Их Хурлын харьяа байгууллагууд болон шүүх засаглалын байгууллага, хувийн хэвшлийн зэрэг 20 гаруй байгууллагын 70 орчим төлөөлөл оролцсон.
Хэлэлцүүлэгт оролцогчид хөгжлийн төлөвлөлтийг эрсдэлд суурилсан эрэмбийг онцгой анхаарч боловсруулах, бодлогын тогтвортой байдал, салбаруудын уялдааг хангаж нэгдсэн үр дүнд хүрэх, эцсийн дүндээ хүн төвтэй хөгжил дээр улсын хөгжил тогтоно гэдэгтэй санал нэгдлээ.





