Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд Эдийн засаг, хөгжлийн яам болон Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар хамтран “ТӨРИЙН БҮТЭЭМЖ-ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ” сэдэвт 7 хоногийн арга хэмжээг 2026 оны 05 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Тус арга хэмжээ өнөөдөр (2026.05.11) “ТӨРИЙН БҮТЭЭМЖ-ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ” сэдвийн хүрээнд боллоо.

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ, “Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрыг 2022 онд буюу дөрвөн жилийн өмнө байгуулсан. Төрийн бүтээмж гэдэг бол зөвхөн ажлын хурд биш чанар болоод үр дүн. Шийдвэр гаргалтыг хурдан оновчтой болгох, бага зардлаар илүү үр дүнтэй ажиллах нь тус байгууллагын үндсэн чиг үүрэг гэдгийг тодотгов. Мөн тэрбээр, “Төрийн байгууллагуудад чиг үүргийн давхардал их байгааг судалгаанууд харуулж, иргэд сэтгэл ханамжгүй байсаар байгааг” хэллээ. Эдийн засгийн өсөлтийг дэмжихэд төрийн байгууллагын үйл ажиллагааг чиглүүлэх, хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх чиглэлд ажиллах нь чухал. Төрийн бүтээмж нэмэгдсэнээр хөрөнгө оруулалтын орчин сайжирна гэдгийг нэмж онцолсон юм.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга П.Батбаатар “Засгийн газар дахь хяналтын тогтолцоо” сэдвээр илтгэл танилцуулав. Илтгэлдээ, “Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар нь 2024 онд 10 удаагийн, 2025 онд 27 удаагийн хяналт шалгалт зохион байгуулсан. 2024 онд санхүүгийн 360 зөрчил илрүүлсэн. 16 алба хаагчид сахилга хариуцлага ногдуулснаас, есөн хүнийг ажлаас нь чөлөөлж, хоёр хүнд сануулах арга хэмжээ авсан. Мөн төрийн байгууллагын эрсдэлийн шинжилгээ хийсэн бөгөөд цагдаа, дотоодын цэргийн байгууллагад хамгийн өндөр буюу 2379, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарт 1988, Эрүүл мэндийн салбарт 990 асуудал эрсдэл байна гэсэн судалгаа гарсан. Алба хаагчдын сэтгэл ханамжийн судалгааг мөн хийсэн бөгөөд судалгаанд 80 байгууллагын 12061 албан хаагч хамрагдсан. Ингэхэд төрийн захиргааны төв байгууллагын ажилчид 66.7%, төрийн захиргааны байгууллагынхан 67.4%, орон нутгийн захиргааны байгууллага 70.9% сэтгэл ханамжтай гэсэн хариу гарсан” болохыг дурдав.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх Тандалт, судалгаа бодлого төлөвлөлтийн газрын дарга Н.Баярмаа “Төрийн бүтээмж, түүний ач холбогдол” сэдвээр илтгэл танилцууллаа. Тэрбээр, “Төрийн бүтээмжийн үзүүлэлт нь засаглалын 6 индекс 400 гаруй хувьсагчийн мэдээллийн судалгаанд үндэслэн гарч байна. 100 онооноос 42 хувь буюу 113-т жагсаж байгаа нь төрийн бүтээмжийг дээшлүүлэх шаардлагатай байгаа"-г онцлов. Нэмээд төрийн бүтээмж-иргэдийн өргөдөл гомдлын нэгдсэн сан, шийдвэрлэлтийн талаар танилцууллаа.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Үнэлгээ, мониторингийн газрын дарга Б.Золбоо “Хиймэл оюун (AI) суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” сэдвээр илтгэл танилцууллаа. “Засгийн газрын чөлөөлье санаачилгын хүрээнд Засгийн газрын 2025 оны 43 дугаар тогтоолд 2026.04.22-ны 144 дүгээр тогтоолд өөрчлөлт орсон. Чөлөөлье санаачилгын хүрээнд Dashboard.mn сайтад 12 мянга гаруй алба хаагч хандах боломж үүссэн. Иргэд, олон нийт чатбот ашиглан 1 минутад мэдээлэл авах боломж бүрдсэн. AI нэвтрүүлснээр төрийн албан хаагчдын бүтээмж нэмэгдүүлэх, ажлын ачааллыг хоёр дахин бууруулах, гар ажиллагааг багасгах зэрэг давуу талууд үүссэн” хэмээлээ.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Хяналт, шалгалтын газрын дарга Б.Баясгалан “Хяналт шалгалт, анхаарах асуудал” сэдвээр илтгэл танилцуулав. ““Засгийн газар дахь хяналт шалгалтын ажлын ерөнхий дүнг жил бүр УИХ-д танилцуулдаг. 2025 онд 41 байгууллагад хяналт шалгалт хийсэн. 321 сая төгрөгийн 371 зөрчил хяналт шалгалтаар илэрсэн. 289 заалт бүхий 51 албан шаардлага хүргүүлсэн. Шаардлагын биелэлт 84.6 хувьтай байна. Өнгөрсөн 2025 онд 16 алба хаагчид хариуцлага тооцсон. Иргэдээс ирсэн 521 өргөдөл гомдлыг шийдвэрлэж ажилласан. Хяналт шалгалтын тоо жил бүр нэмэгдэж байгаа бөгөөд ирж буй өргөдөл, гомдлын тоо ч нэмэгдэж байгаа”-г дурдав.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Хууль, эрхзүйн газрын дарга М.Цолмон “Төрийн хяналт шалгалтын хуулийн шинэчлэл” сэдвээр илтгэв. “Төр иргэнтэйгээ хяналт, шалгалт, зөвшөөрөл гэсэн гурван асуудлаар харилцаж байна. Салбарын, Засгийн газар дахь, олон нийтийн, бусад төрийн хяналт гэхчлэн төрийн дөрвөн хяналт хэрэгжиж байна. МХЕГ 2022 онд татан буугдаж, чиг үүрэг нь салбаруудад шилжсэн. Мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтууд салбарт шилжсэнээр 2025 онд төлөвлөгөөт хяналт шалгалт 50 хувьд хүрэхгүй болсон. Улмаар зөвлөн туслах, урьдчилан сэргийлэх гэдэг үйл ажиллагаанууд дутагдалтай байна. Иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрх зөрчигдөх эрсдэл үүсээд байгаа гэдэг дүгнэлтэд хүрч болно. Мөн давхардсан хяналт шалгалт хэт их хийгдэх болсон” гэв.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Төлөвлөлт, дахин инженерчлэлийн хэлтсийн дарга Н.Баясгалан “Процессын дахин инженерчлэл хийх нийтлэг аргалчлалын танилцуулга” хийлээ.






