“ХҮН ТӨВТЭЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ-ИРГЭДИЙН ОРОЛЦОО” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

A- A A+
“ХҮН ТӨВТЭЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ-ИРГЭДИЙН ОРОЛЦОО” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд Эдийн засаг, хөгжлийн яам болон Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар хамтран “ТӨРИЙН БҮТЭЭМЖ-ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ” сэдэвт 7 хоногийн арга хэмжээг 2026 оны 05 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Тус арга хэмжээ өнөөдөр (2026.05.15) “ХҮН ТӨВТЭЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ-ИРГЭДИЙН ОРОЛЦОО” сэдвээр иргэдэд нээлттэй зохион байгуулагдлаа. Төрийн албан хаагч, иргэд, хувийн хэвшлийн төлөөлөл оролцов.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга П.Батбаатар өнөөдрийн үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ, “Иргэдийнхээ өргөдөл, гомдлыг анхан шатанд нь шийдвэрлэхгүйгээр шилжүүлэн шийдвэрлүүлэх нь буруу. Хэрхэн шийдсэн бэ гэдэгт манай байгууллага хяналт тавин ажиллаж байгаа” гэдгийг онцлов.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Тандалт судалгаа, бодлого төлөвлөлтийн газрын дарга Н.Баярмаа “Төрийн байгууллагын нийтлэг чиг үүргийн шинжилгээ” сэдвээр илтгэл танилцууллаа. “15 яаманд нийт 2,535 чиг үүргийг оноосон. Үүнээс 92.3 хувь нь байгууллагын үйл ажиллагаа стратеги, зохион байгуулалт бүтцийн өөрчлөлт байна. 18 чиг үүргийг яамд орхигдуулж байгаа бөгөөд 11 яамны 72 чиг үүргийг харьяа байгууллага руу шилжүүлэх шаардлагатай” гэлээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвийн менежер М.Үүрийнтуяа ““11-11” төвд иргэдээс ирүүлсэн, өргөдөл гомдлын талаар танилцууллаа. “Төрийн байгууллагад ирж буй гомдлын тодорхой хувийг нийгмийн даатгалтай холбоотой гомдол эзэлдэг. Тухайлбал ажилгүйдлийн тэтгэмжтэй холбоотой гомдол 2025 онд 4 мянган гаруй ирсэн” гэлээ.  

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Бодлогын судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга  Б.Аз “Хэрэглэгч, төрийн албан хаагчийн сэтгэл ханамжийн судалгаа-2026” сэдвээр илтгэв. “Сэтгэл ханамжийн судалгаа ЗГХЭГ, ЗГХХГ, яам, төрийн албан хаагчдыг хамарсан. Нутгийн захиргааны байгууллагын сэтгэл ханамжийн үнэлгээ яамдынхтай харьцуулахад харьцангуй сайн. Гадаад харилцааны яам, Сангийн яамны албан хаагчид сэтгэл ханамж өндөр. Харин Эрүүл мэндийн яамных тааруу байна. Харин хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаагаар ХЗДХЯ-нд сэтгэл ханамж өндөр, Эрчим хүчний яаманд сэтгэл ханамж тааруу гэсэн үнэлгээ гарсан” гэж танилцууллаа.

Үргэлжлэн панел хэлэлцүүлэг өрнөсөн бөгөөд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Тандалт судалгаа, бодлого төлөвлөлтийн газрын дарга Н.Баярмаа, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Засгийн газрын Хүний нөөцийн газрын дарга Т.Гантогтох, Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны Хүний нөөцийн удирдлага, аудитын газрын дарга С.Нямбаяр, Удирдлагын академийн Төрийн инновац, хөгжлийн албаны дарга, доктор, дэд профессор М.Баянмөнх нар оролцов.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Мэдээллийн технологийн газрын дарга Б.Билэгдэмбэрэл “Чөлөөлье санаачилга-Бизнесийн орчинг дэмжих” сэдвээр илтгэл танилцуулав.