“МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛС ХООРОНДЫН ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭР”-ИЙН ТАВ ДАХЬ ШАТНЫ ХЭЛЭЛЦЭЭГ ХИЙЛЭЭ

A- A A+
“МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛС ХООРОНДЫН ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭР”-ИЙН ТАВ ДАХЬ ШАТНЫ ХЭЛЭЛЦЭЭГ ХИЙЛЭЭ

“Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/ хоорондын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийн тав дахь шатны хэлэлцээ 2026 оны 6 дугаар сарын 2-11-ний өдрүүдэд Улаанбаатар хотод танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдлаа.

Талууд 2023 оны 2 дугаар сард Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэлэлцээг эхлүүлэх тухай Хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурж, улмаар 2023-2025 оны хооронд дөрвөн шатны хэлэлцээг амжилттай зохион байгуулсан. Энэхүү тав дахь шатны хэлэлцээ нь БНСУ-ын зах зээлд нэвтрэх нөхцөлийг сайжруулж, экспортын боломжийг бодитоор тэлэх нөхцөлийг тохирох чиглэлд ахиц гаргах чухал ач холбогдолтой шат боллоо.

Хэлэлцээгээр барааны худалдаа, үйлчилгээний худалдаа, хөрөнгө оруулалт, гарал үүслийн дүрэм, гаалийн журам, цахим худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, эрүүл ахуй, ургамлын хорио цээрийн арга хэмжээ, техникийн саад тотгор зэрэг худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлыг хэлэлцсэн.

Хэлэлцээг хааж Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Монголын талын хэлэлцээний багийн ахлагч И.Батхүү үг хэлэхдээ эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нь эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, тогтвортой өсөлтийг дэмжих, худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хоёр орны бизнес эрхлэгчид болон хүмүүст шинэ боломжуудыг бий болгох гэсэн бидний нийтлэг алсын хараа болохыг онцлон тэмдэглэлээ.

Талууд хэлэлцээрийг харилцан ашигтай, тэнцвэртэй байдлаар ойрын хугацаанд эцэслэн тохиролцох чиглэлд үргэлжлүүлэн ажиллахаар тогтлоо.

Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нь хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх, гаалийн тарифын нөхцөлийг харилцан сайжруулах, худалдаан дахь саад тотгорыг бууруулах, бизнесийн орчныг боловсронгуй болгох замаар эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэхэд чухал хувь нэмэр оруулах юм.