Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжих Мөрөн–Улиастайн чиглэлийн 261.8 км авто замын төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулалтай холбогдуулан, өнөөдөр /2025.12.25/ сонгон шалгаруулалтын ажлын хэсэг төслийн талаарх мэдээллийг оролцогч компанийн удирдлага болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд танилцууллаа.
Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан уг төслийг 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Улмаар сонгон шалгаруулалтын урилгыг 2025 оны 12 дугаар сарын 4-ний өдөр нээлттэй зарласнаас “Хургатай хайрхан” ХХК, “Сүлдэт харгуй” ХХК, “Оффроуд таван богд” ХХК зэрэг гурван компани оролцох сонирхлоо илэрхийлээд байна.
Төслийн үндсэн үзүүлэлт:
Мөрөн–Улиастайн чиглэлийн авто замын төслийн түншлэлийн гэрээний нийт хугацаа 25 жил бөгөөд үүнээс авто зам барих хугацаа 3 жил байна. Төсөл нь дараах хоёр хэсгээс бүрдэнэ. Үүнд:
- Мөрөн–Омпуугийн даваа хүртэлх 190.2 км авто зам (Хөвсгөл аймгийн Мөрөн, Түнэл, Бүрэнтогтох, Цагаан-Уул, Цэцэрлэг сумдын 9 багийн нутаг дэвсгэр);
- Омпуугийн даваа–Тосонцэнгэлийн дөрвөн замын уулзвар хүртэлх 71.69 км авто зам (Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Завхан аймгийн Тосонцэнгэл, Тэлмэн сумдын 3 багийн нутаг дэвсгэр).
Төслийн анхны хөрөнгө оруулалтын хэмжээ 174.5 сая ам.доллар бөгөөд санхүүжилтийн холимог хэлбэрээр хэрэгжинэ. Төсөл хэрэгжүүлэгч компани нь 10 жилийн хугацаанд улсын төсвөөс татаас авна. Харин хувийн хэвшлийн түншлэгч нь төслийн хугацаанд авто замын арчилгаа, их засварын ажлыг бүрэн хариуцан, замыг 22 жил ашигласны дараа 25 дахь жилд улсад үнэ төлбөргүй шилжүүлэн өгөх юм.
Төслийн санаачилга ба онцлог:
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслийн санаачилгыг хувийн хэвшил, аймаг, нийслэлийн Засаг дарга, салбар яам гаргах боломжтой. Энэхүү төслийг “Хургатай хайрхан” ХХК санаачилсан бөгөөд гадаадын хөрөнгө оруулалтын сан болон түнш байгууллагуудтай хамтран барих–ашиглах–шилжүүлэх (BOT) хэлбэрээр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Төслийн санаачлагч нь авто замын Техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ, зураг төслийг өөрийн хөрөнгөөр боловсруулж, батлуулсан нь сонгон шалгаруулалтад давуу тал болох боломжийг бүрдүүлж байна.




