
Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох хүрээнд боловсруулж буй Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх уулзалт Эдийн засаг, хөгжлийн яаманд боллоо.
Уулзалтад Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, холбогдох бодлогын газрын дарга нарын хамт Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Д.Энхтүвшин тэргүүтэй тус яамны удирдлагууд оролцож, санал солилцлоо. Энэ үеэр Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн үзэл баримтлал, зорилго, хэрэгжүүлэх арга зам, хүрэх үр дүнгийн талаар дэлгэрэнгүй ярилцав.

Түүнчлэн хуулийн төсөл нь дунд болон урт хугацаанд эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалтын орчин, уул уурхайн салбарын өрсөлдөх чадвар, ил тод байдал, үр ашигт үзүүлэх нөлөөллийн талаар байр сууриа илэрхийлж, бодлогын түвшинд нягт уялдаа ханган ажиллах шаардлагыг онцоллоо.
Талууд хуулийн төсөлтэй холбоотой нарийвчилсан тооцоолол, эдийн засгийн үр нөлөөний шинжилгээг богино хугацаанд хамтран гүйцэтгэж, макро эдийн засаг, төсвийн орлого, хөрөнгө оруулалтын урсгал, салбарын тогтвортой хөгжлийн үзүүлэлтүүдэд үзүүлэх нөлөөллийг тооцсон дүгнэлт боловсруулах нь зүйтэй гэж үзэв.

Цаашид хуулийн төслийн хэрэгжилтийн практик асуудал, эрх зүйн орчны тогтвортой байдал, бодлогын залгамж чанарыг хангах чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлж ажиллахаар тохиролцлоо.


