Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд зохион байгуулагдаж буй “Төрийн алба, албан хаагчдын хөрөнгө оруулагчтай харилцах стандарт” сэдэвт 7 хоногийн арга хэмжээний 5 дахь өдөр буюу 2026 оны 03-р сарын 27 ны өдөр “Авилгаас ангид байдал-төрийн нууцын хамгаалалт-бодлого боловсруулах түүхэн замнал болон өнөөгийн шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

Арга хэмжээг нээж Эдийн засаг, хөгжлийн яамны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д. Ариунбилэг хэлсэн үгэндээ, Монгол Улсын хөгжил дэвшил, эдийн засгийн өсөлт нь хөрөнгө оруулалтын таатай орчноос шууд хамааралтай ба тэрхүү орчныг бүрдүүлэхэд төрийн албаны үүрэг, төрийн албан хаагч бүрийн хандлага, ёс зүй онцгой байр суурь эзэлдэг болохыг онцлон тэмдэглэлээ.
Хэлэлцүүлгийн хүрээнд Авлигатай тэмцэх газрын Соён гэгээрүүлэх хэлтсийн төлөөлөл “Авлигын хор уршиг ба ангилал, авлига үүсэхэд нөлөөлөгч хүчин зүйл, шалтгаан нөхцөл” сэдвээр илтгэл тавьж, авлигаас урьдчилан сэргийлэх бодлогын хэрэгжилтийг сайжруулах, төрийн албан хаагчдын ёс зүй, хариуцлагыг бэхжүүлэх шаардлагыг онцлов.
Мөн Тагнуулын ерөнхий газраас “Төрийн болон албаны нууцыг задруулахгүй байх, хамгаалах үйл ажиллагааг аюулгүй явуулах нь” сэдвээр илтгэл тавьж, мэдээллийн аюулгүй байдал, нууцлалын дэглэмийг чанд мөрдөх нь хөрөнгө оруулалтын орчны итгэлцлийг хангах үндсэн нөхцөл болохыг тодотголоо.

Түүнчлэн Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Ахмадын хорооны гишүүн Д.Отгон “Улсын 5 жилийн төлөвлөгөөг төлөвлөж, хэрэгжүүлж ирсэн түүхэн үе шат, өнөөгийн байдал, анхаарах зүйлс” сэдэвт урт хугацааны бодлогын залгамж чанарыг хангахын ач холбогдлыг онцлон дурдсан бол ахмадын хорооны гишүүн Г.Наран “Хөрөнгө оруулалт, их барилгын салбарын хөгжлийн төлөвлөлт, түүхэн замнал” -ын талаар илтгэл тавьж, дэд бүтэц, барилгын салбар нь эдийн засгийн өсөлтийн гол тулгуур салбар болохыг тэмдэглэлээ.
Мөн “Эмбер эт ван” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Google компанийн Төв Азийн бүсийг хариуцсан өгөгдлийн инженер С.Батцэнгэл “Хиймэл оюун ухааныг төрийн бодлого боловсруулахад ашиглах нь” сэдвээр илтгэл тавьж, датад суурилсан шийдвэр гаргалтыг төрийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломж, олон улсын чиг хандлагыг танилцуулсан нь онцлох ач холбогдолтой байлаа.
Тус арга хэмжээнд яам, агентлаг, судалгааны хүрээлэн болон төрийн албаны байгууллагуудын 80 орчим төлөөлөл оролцож, мэдээлэл авч, харилцан санал солилцов.
Энэхүү долоо хоногийн арга хэмжээний хүрээнд оролцогчид төрийн алба, албан хаагчдын хөрөнгө оруулагчидтай харилцах стандартын талаарх ойлголтоо гүнзгийрүүлж, мэдлэгээ нэмэгдүүлснээр цаашдын хамтын ажиллагааны суурь нөхцөл бүрдсэн үр дүнтэй арга хэмжээ болж амжилттай өндөрлөлөө.






