
Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд “Шинжлэх ухаан, технологийн салбарт хөрөнгө оруулалт хийх боломж” сэдэвт долоо хоногийн арга хэмжээний хүрээнд өнөөдөр /2026.03.31/ “Шинэ санаанаас оюуны өмч рүү “Эрдэм идеатон” уралдаант арга хэмжээ зохион байгуулагдав.
Монгол Улсын Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч, академич Б.Авид арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Шинэ технологи, инновац нь зөвхөн судалгаа, лабораторийн үр дүнгээр хязгаарлагдах бус үйлдвэрлэл, зах зээлд нэвтэрч бодит үнэ цэн бүтээх үедээ жинхэнэ утгаараа хөгжлийг бий болгодог. Иймд судалгаа ба бизнесийн уялдаа холбоог бэхжүүлэх нь өнөөгийн хамгийн чухал зорилтуудын нэг бөгөөд энэ хүрээнд зохион байгуулагдаж буй “Эрдэм-Идеатон” арга хэмжээ нь шинжлэх ухааны мэдлэгийг хэрэглэгчийн хэрэгцээ, зах зээлийн эрэлт, хөрөнгө оруулалттай уялдуулан бодит шийдэл болгон хөгжүүлэх эхлэл болж байгаагаараа онцлог” хэмээн дурдав.

Энэ хүрээнд Оюуны өмчийн газрын Шинэ бүтээл, ашигтай загварын ахлах шинжээч Б.Оюунтмаа “Оюуны өмчийн эрхийн хамгаалалт” сэдвээр илтгэл, Үндэсний шинжлэх ухаан, технологийн сангийн Мэдээллийн сан, төслийн удирдлагын хэлтсийн дарга Ph.D Л.Тогтохбуян бизнес модель боловсруулах (Business Model Canvas)-ын аргачлалыг танилцуулж, шинжлэх ухаанд суурилсан санааг зах зээлд нэвтрүүлэх практик шийдлүүдийг хуваалцсан юм. Түүнчлэн Шинжлэх ухааны академийн Инновацын хэлтсийн оюуны өмч, технологи дамжуулалт хариуцсан мэргэжилтэн Ph.D Т.Бадамхатан “Найраа буюу питч хэрхэн хийх вэ” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, төслийг хөрөнгө оруулагчдад үр дүнтэй танилцуулах ур чадварыг оролцогчдод олгосноороо онцлог байлаа.

Арга хэмжээний үндсэн хэсэг болох “Эрдэм-Идеатон” уралдаанд оролцогчид баг бүрдүүлэн шинжлэх ухаанд суурилсан төслийн санаагаа боловсруулж, шүүгчдийн өмнө танилцууллаа.
Багууд таван минутын питч танилцуулга хийж, хоёр минутын асуулт-хариултын хэлбэрээр төслөө хамгаалсан нь бодит хөрөнгө оруулалтын шалгуурт ойртсон, өндөр ач холбогдол бүхий туршлага боллоо. Энэ нь зөвхөн уралдаан төдий бус, шинжлэх ухааны үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах, оюуны өмчийг бизнес болгон хөгжүүлэх, инновацын экосистемийг бэхжүүлэхэд чиглэсэн бодит алхам гэдгээрээ онцлог байв.
Тус арга хэмжээнд төр, хувийн хэвшлийн 50 гаруй төлөөлөл оролцож, шинжлэх ухаан, инновацын чиглэлээр санал солилцон, харилцан туршлага судаллаа.


