
Эдийн засаг, хөгжлийн яам нь Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийг улс, бүс нутаг, салбар хоорондын уялдаа холбоог ханган боловсруулж, хүний хөгжлийг дэмжих, тогтвортой хөгжлийг эрчимжүүлэх зорилтын хүрээнд чиглэн ажилладаг.
Энэхүү зорилгын хүрээнд Монгол Улсын богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг болох “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө”-ний төслийг боловсруулж байна. Уг төслийг 36 төсвийн ерөнхийлөн захирагчаас ирүүлсэн санал, зөвлөмжид тулгуурлан боловсруулж байгаа билээ.

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т “хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийг боловсруулахдаа олон талын оролцоог хангаж, олон нийтээр хэлэлцүүлнэ” гэж заасны дагуу олон нийтийн оролцоог хангах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна.
Энэ хүрээнд өнөөдөр /2026.04.13/ байгаль орчин, ногоон эдийн засгийн чиглэлээр олон нийтийн хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт эрдэмтэн, судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, иргэний нийгэм, хувийн хэвшлийн оролцогчид зэрэг нийт 70 орчим төлөөлөгч оролцож, төлөвлөгөөний төслийн агуулга, зорилт, хэрэгжилтийн арга замын талаар санал, зөвлөмж солилцлоо.

Цаашид уг хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтийг нэгтгэн боловсруулж, “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө”-ний төслийг улам боловсронгуй болгох чиглэлээр ажиллана.


