
Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр болон яамны удирдлагуудын хамт өнөөдөр (2026.04.27) Олон улсын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад хөнгөн цагааны аж үйлдвэрийн парк байгуулах төсөлд хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн БНХАУ-ын “Ханжөү Жиньжин” групп болон “Монголиа Алюминум” ХХК-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад “Ханжөү Жиньжин” группийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Доу Жэнган, Ерөнхий захирал Жан Жяньян, Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын зөвлөх бөгөөд “Монголиа Алюминум” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Гао Жиюн тэргүүтэй удирдлагууд оролцов.

Уулзалтын үеэр “Ханжөү Жиньжин” группийн зүгээс компанийн үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн хүчин чадал, олон улсын хамтын ажиллагааны туршлагаа танилцуулж, хөнгөн цагааны үйлдвэрлэлийн салбарт БНХАУ-д гуравдугаарт, дэлхийн хэмжээнд мөн гуравдугаарт эрэмбэлэгдэж байгаа талаар мэдээлэл өглөө.
Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр дэлхийн хэмжээний томоохон групп компани Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхол илэрхийлж буйд талархал илэрхийлж, уг төсөл хэрэгжиж эхэлбэл сүүлийн жилүүдэд Монгол Улсад хийгдэх томоохон хөрөнгө оруулалтын нэг болохыг онцоллоо.

Тэрбээр төслийн хүрээнд Монгол Улсын инженер, техникийн ажилтнууд шинэ техник, технологи эзэмших, ур чадвараа дээшлүүлэх боломж бүрдэхийг тэмдэглэж, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл тэр хэмжээгээр бий болохыг тэмдэглэв.
Уг төсөл хэрэгжсэнээр үндэсний аж ахуйн нэгжүүд, дотоодын ханган нийлүүлэгчид болон иргэдийн оролцоог хангаж, харилцан үр өгөөжтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатайг онцлон тэмдэглэлээ.


