
Эдийн засаг, хөгжлийн яам болон Оюуны өмчийн газар хамтран зохион байгуулж буй “Оюуны өмч-Хөрөнгө оруулалт-Үнэ цэн” арга хэмжээ “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-д гурав дахь өдрөө “Дэлхийд танигдсан Монгол брэнд” сэдвийн хүрээнд амжилттай болж өндөрлөлөө.
Арга хэмжээний хүрээнд Оюуны өмчийн газраас “Дэлхийн танигдсан брэнд-Барааны тэмдгийн олон улсын эрхийн хамгаалалт” сэдвээр, Монос групп, “Говь” ХК, “Эхлэл” ХХК, “Ургана” ХХК, “Тесо фүүдс” ХХК, “Норд Роуд” ХХК, “Бест форс” ХХК болон “The HU” брэндүүд өөрсдийн брэндүүдийн талаар мэдээлэл өгч олон улсын зах зээлд амжилттай нэвтэрсэн туршлага, бүтээгдэхүүнийг онцлон танилцуулав.

Дотоодын үндэсний брэндүүдийн олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, инновацыг дэмжих, хөрөнгө оруулалтын боломжийг нэмэгдүүлэх, цаашлаад үндэсний брэндүүдийг дэлхийн зах зээлд гаргах чиглэлээр бодитой санал, туршлагаа солилцлоо.
“Оюуны өмч-Хөрөнгө оруулалт-Үнэ цэн” сэдэвт арга хэмжээ нь “Оюуны өмч, инновац ба бүтээлч үйлдвэрлэл”, “Оюуны өмч-хамтын ажиллагаа”, “Дэлхийд танигдсан Монгол брэнд” гэсэн үндсэн гурван чиглэлийн хүрээнд амжилттай зохион байгуулагдаж, төр, хувийн хэвшил, олон улсын туршлагыг нэгтгэсэн, мэдлэг туршлага солилцсон арга хэмжээ болж өндөрлөв.

Арга хэмжээний төгсгөлд Эдийн засаг, хөгжлийн яамны Бизнесийн орчны бодлогын газрын дарга Л.Балчинлувсан хэлсэн үгэндээ Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв нь бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдын санал хүсэлт, асуудлаа ярьдаг, туршлагаа хуваалцдаг талбар байх бөгөөд та бүхэнд үргэлж нээлттэй ажиллах болно гэдгийг дурьдаад оюуны өмчид суурилсан үнэ цэнийг нэмэгдүүлэх, инновацыг дэмжих чиглэлд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа цаашид улам гүнзгийрнэ гэдэгт итгэлтэй байна гэдгийг онцолж хэллээ.











