Усны нөөцийн тогтвортой менежментийг бэхжүүлэх, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээр тохиролцов

A- A A+
Усны нөөцийн тогтвортой менежментийг бэхжүүлэх, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээр тохиролцов

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн усны нөөцийн ашиглалт, хамгаалалт, цаашдын бодлого, тулгамдсан асуудлын талаар холбогдох байгууллагын удирдлагуудтай уулзаж, санал солилцлоо. Уулзалтад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга З.Батбаяр, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгалийн нөөцийн бодлого, зохистой ашиглалтын газрын дарга Т.Балжинням нар оролцов.

Уулзалтын үеэр Монгол Улсын усны нөөцийн өнөөгийн байдал, хуримтлал, бүс нутгийн тэгш хуваарилалт, өсөн нэмэгдэж буй хэрэглээ болон тулгамдаж буй асуудлуудын талаар талууд санал байр сууриа илэрхийлж, цаашид авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний талаар хэлэлцсэн юм.

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн хэлэхдээ, ус бол зөвхөн байгаль орчны асуудал биш, харин эдийн засаг, нийгмийн хөгжлийн суурь хүчин зүйл гэдгийг онцоллоо. Тэрбээр уур амьсгалын өөрчлөлт, хүн амын өсөлт, үйлдвэрлэл, уул уурхайн салбарын тэлэлт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр усны нөөцийн хүртээмж буурах, чанар доройтох, хомсдол үүсэх эрсдэл нэмэгдэж байгааг тэмдэглэв.

Түүнчлэн усны нөөцийн менежментийг улсын хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын төлөвлөлттэй нягт уялдуулах шаардлагатайг дурдлаа. Усны нөөцийг үр ашигтай ашиглах, хамгаалалтыг сайжруулах, алдагдал багатай дэвшилтэт технологи нэвтрүүлэх нь тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах чухал нөхцөл болохыг онцолсон юм.

Талууд уулзалтын үр дүнд усны нөөцийн тогтвортой менежментийг бэхжүүлэх, тулгамдсан асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэх, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр хамтарч ажиллахаар тохиролцлоо.