“Шинэ Сүхбаатар” суурьшлын бүсийн төлөвлөгөөг танилцуулав

A- A A+
“Шинэ Сүхбаатар” суурьшлын бүсийн төлөвлөгөөг танилцуулав

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж Эдийн засаг, хөгжлийн яамны удирдлагуудад тус аймгийн хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох чухал төслийн нэг болох “Шинэ Сүхбаатар” төслийн техник, эдийн засгийн урьдчилсан судалгаа, бүсийн төлөвлөгөөг танилцууллаа.

Төслийн хүрээнд хойд бүсийн стратегийн зангилаа болох Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум нь хил орчмын тээвэр, логистик, худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний төв болон хөгжих боломжтой. Хотыг шинэ суурьшлын бүс болгон хөгжүүлэх зайлшгүй шаардлага бий болж байгаа талаар аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж онцоллоо. Ингэснээр хүн амын зохистой төвлөрөл, эдийн засгийн төрөлжилтийг нэмэгдүүлж, бүс нутгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой хөгжлийн стратегийн төсөл хэмээн танилцуулав.

Энэ хүрээнд,

  • Хил орчмын эдийн засгийн төвлөрлийг бий болгох,
  • Төвийн бүсийн хоёрдогч төвийн үүргийг нэмэгдүүлэх,
  • Хот хоорондын харилцан нөхөх хөгжлийн загвар бүрдүүлэхээр зорьж байгаа юм байна.

Уг суурьшлийн бүс нь Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутагт дэвсгэрт 150 га талбайд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр “Сэлэнгэ” дулааны цахилгаан станцыг түшиглэн “Шинэ Сүхбаатар” суурьшлын бүс байгуулахаар зорьж яваа аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржид талархал илэрхийллээ. Түүнчлэн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын хүрээнд бүтээн байгуулалтын ажлуудын төлөвлөгөөг сайжруулах, эдийн засгийн үр өгөөжийн тооцоо судалгааг нэмж гаргах, Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудтай байгуулсан худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Алтанбулаг чөлөөт бүстэй суурьшлын бүсийн хөгжлийг уялдуулах шаардлагатай гэдгийг цохон тэмдэглэсэн юм. 

Уг төсөл нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд баригдаж буй “Сэлэнгэ” дулааны цахилгаан станцыг түшиглэн, аймгийн хөгжлийн бодлого, төлөвлөлттэй уялдуулан хэрэгжихээр төлөвлөгдөж байна.