МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН 2025 ОНЫ 3 ДУГААР УЛИРЛЫН ТАНИЛЦУУЛГА
Эдийн засгийн өсөлтийн хурд өмнөх оны мөн үеийн орчимд хадгалагдлаа.
ДНБ нэрлэсэн дүнгээр 60.1 их наяд төгрөгт хүрч 8.5 хувиар, бодит дүнгээр 24.3 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 5.9 хувиар өсөв. Хөдөө аж ахуй, барилга, боловсруулах үйлдвэрлэлийн өсөлт улирал дамнан хадгалагдаж, уул уурхайн салбар сэргэсэн нь эдийн засгийн өсөлтийг тэтгэсэн бол тээвэр, худалдааны салбар эдийн засгийн өсөлтийн эрчмийг сулрууллаа. Уул уурхайн салбар өмнөх улирлуудаас огцом өсөж III дугаар улиралд 8.2 хувьд хүрснээр эдийн засгийн өсөлтийн 1.1 хувийг бүрдүүллээ. Өсөлтийг зэс, төмөр, жонш, цайрын баяжмал үйлдвэрлэл голлон дэмжсэн бол алт, нүүрс, газрын тосны үйлдвэрлэл хязгаарлалаа. Хаваржилт тогтуун байж, мал төллөлт, бойжилт хэвийн үргэлжилсний дүнд оны эхний гурван улиралд мал аж ахуйн үйл ажиллагаа сэргэн, хөдөө аж ахуйн салбар 33.8 хувиар өсөж, эдийн засгийн өсөлтийг 3.4 нэгж хувиар дэмжив. Мөн Улаанбаатар хотын орон сууц, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн барилга, байгууламж болон Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын голлох нөлөөгөөр барилгын салбар оны эхний гурван улиралд 22.2 хувиар өслөө. Түүнчлэн барилга угсралт, их засварын ажлын өсөлтийг дагасан төмөрлөг бус эрдэс бодисоор хийсэн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн өсөлтийг дагасан хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл нэмэгдсэнээр боловсруулах салбар сэргэж, эдийн засгийн өсөлтийг дэмжив. Харин тээврийн салбар, тэр дундаа авто замаар тээвэрлэх нүүрс тээврийн орлого буурсны голлох нөлөө үргэлжилсээр тээврийн салбар 6.1 хувиар агшиж, эдийн засгийн өсөлтийг хязгаарлалаа. Экспортын нүүрс тээврийн зай багассан нь авто тээврийн салбарын шатахуун зарцуулалтыг бууруулсан, мөн автомашины импортын худалдаа багассан зэргээс үүдэн бөөний болон жижиглэн худалдааны салбарын шатахууны борлуулалт буурснаар гуравдугаар улиралд 5.1 хувиар агшлаа.
Эрэлт талаас эдийн засгийн өсөлтийг хөрөнгө оруулалт, өрхийн хэрэглээний тэлэлт дэмжсэн бол экспортын бууралт өсөлтийг саарууллаа.
Ажиллагчид нэмэгдэж, ажилгүй иргэдийн тоо буурснаар хөдөлмөр эрхлэлтийн түвшин өмнөх оны мөн үеэс 0.5 нэгж хувиар өсөж, 59.1 хувьд хүрч нэмэгдсэнээр өрхийн нэрлэсэн орлого өсөхөд нөлөөлж, өрхийн хэрэглээг дэмжив. Харин үнийн өсөлтийн нөлөөгөөр өрхийн бодит орлогын өсөлт удааширлаа. Хөрөнгийн хуримтлалын өсөлтөд малын зүй бус хорогдол өмнөх оны мөн үеэс буурч биологийн өсөж үрждэг хөрөнгийн нөөц 1.1 их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлөв. Мөн орон сууц болон бусад барилга байгууламжийн нөөц өссөн нь хөрөнгийн хуримтлалыг дэмжлээ. Бараа, үйлчилгээний импорт сүүлийн 2 жил тасралтгүй 20 гаруй хувиар бодитоор нэмэгдэж байсан нь 1.5 хувь болж буурсан, мөн бараа, үйлчилгээний экспорт 4.5 хувиар буурсан нь эдийн засгийн өсөлтийг саарууллаа.
Импортын өсөлт саарсан ч экспорт буурснаар урсгал дансны алдагдал тэллээ.
Импорт 2025 оны эхний 3 улиралд өмнөх оны мөн үеэс 0.9 хувиар буурсан бөгөөд тэр дундаа эдийн засаг, үйлдвэрлэлийг дэмждэг аж үйлдвэрийн орцын болон хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүдийн импорт буурсан байна. Харин экспортын орлого өмнөх оны мөн үеэс 16 хувь буураад байна. БНХАУ-ын коксжих нүүрсний олборлолт нэмэгдсэнээс гадна гангийн томоохон үйлдвэрүүд коксжих нүүрсний эрэлт буурсан нь манай улсын нүүрсний экспортын хэмжээнд сөргөөр нөлөөллөө. Мөн гадаад орчны тодорхойгүй байдал нэмэгдэж, дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ буурснаар экспортын орлого бууралтад голлох нөлөөг үзүүлэв. Бараа, үйлчилгээний импорт агшиж, цалингийн төлбөр, хөрөнгийн өгөөж, ногдол ашиг зэрэг анхдагч орлогын дансны алдагдал өмнөх оны мөн үеэс буурсан ч барааны экспорт буурснаар урсгал дансны алдагдал 1.7 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 450 сая ам.долларын алдагдалтай гарлаа.
Төсвийн орлого төвлөрүүлэлт нүүрсний үнэ болон экспортын орлого буурсны улмаас саарлаа.
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого нүүрсний үнийн бууралттай холбоотой уул уурхайн салбараас төсөвт төвлөрөх орлого саарч, 2025 оны 3 дугаар улиралд 20.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 0.7 их наяд төгрөг буюу 3.1 хувиар буурсан байна. Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 21.9 их наяд төгрөг төвлөрөхөөр төлөвлөсөн хэдий ч тус төлөвлөгөөнөөс 1.2 их наяд төгрөг буюу 5.6 хувиар доогуур гүйцэтгэлтэй гарсан байна. Улмаар нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай гарлаа. Нөгөө талаас төсвийн нийт зарлага 22.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 11.2 хувиар тэлэхэд урсгал зарлагын өсөлт, тэр дундаа төрийн албан хаагчдын цалин, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлсэн нь голлон нөлөөлсөн байна.
Инфляц 2025 оны 3 дугаар улирлын эцэст 9.0 хувь болж эрчимжлээ.
Инфляц сүүлийн улирал эрчимжихэд хүнсний үнийн өсөлт голлон нөлөөлсөн байна. Эрэлтийн шалтгаантай инфляц алгуур саарах хандлагатай байсан ч нийлүүлэлтийн гаралтай инфляц мах, хүнсний ногоо зэрэг хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалан өсөв. Харин хүнсний бус бараа, үйлчилгээний инфляц алгуур буурах хандлагатай байна. Төв банкнаас мөнгөний бодлогын хүүг 2025 оны 3 дугаар улирлын туршид 12 хувьд хадгалав.
Зээлийн өсөлт алгуур саарч байна.
Арилжааны банкнуудын зээлийн жилийн өсөлт 2025 оны 3 дугаар улиралд 22.1 хувьд хүрч үргэлжлэн саарсан байна. Шинээр олгосон зээлийн хувьд бизнесийн зээл давамгайлж байгаа бол хэрэглээний зээлийн өсөлт буурсан байна. Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт өмнөх улирлаас эрчимжиж 5.6 хувьд хүрлээ. Тодруулбал, дотоодын зээл мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийг голлон бүрдүүлэв. Түүнчлэн, банкны салбарын чанаргүй зээлийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 12 хувиар өссөн байна. Нийт хадгаламжийн өсөлт 2025 оны 3 дугаар улиралд 14.7 хувьд хүрсний дийлэнх хэсгийг иргэдийн төгрөгийн хадгаламж бүрдүүллээ.
ТАНИЛЦУУЛГА: БҮРЭН ЭХЭЭР |
ХУРААНГУЙ ДҮГНЭЛТ |
БОГИНО ХУГАЦААНЫ ТӨЛӨВ |
БЛОГ |
ХУРААНГУЙ ТООН МЭДЭЭЛЭЛ |
|---|
ТАНИЛЦУУЛГА БҮЛГЭЭР
Бүлэг 1. БОДИТ СЕКТОР
Эдийн засаг оны эхний гурван улиралд 5.9 хувиар өслөө. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эдийн засгийн өсөлтийг голлон дэмжсэн хэвээр байгаа бол уул уурхай, барилга, боловсруулах салбаруудын үйл ажиллагааны идэвхжил нэмэгдэн өсөлтийг мөн дэмжиж байна. Харин тээвэр болон худалдааны салбар агшилттай байна. Эрэлт талаас хөрөнгө оруулалт, өрхийн хэрэглээ эдийн засгийн өсөлтийг дэмжсэн бол барааны экспорт буурсан нь өсөлтийг саарууллаа. Ажиллах хүчний оролцооны түвшин 62.7 хувьд хүрч, өрхийн бодит орлого 8 хувиар өссөн нь өрхийн хэрэглээг дэмжлээ. Эдийн засгийн потенциал өсөлтийн эрчим нэмэгдэж, 5-6 хувьд хүрсэн ба нийт үйлдвэрлэлийн түвшин потенциал үйлдвэрлэлийн орчимд байна.
БОДИТ СЕКТОР |
БЛОГ |
Бүлэг 2. ТӨСВИЙН СЕКТОР
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2025 оны 3 дугаар улиралд нүүрсний үнэ болон экспортын орлогын бууралтын нөлөөгөөр 20.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 0.7 их наяд төгрөг буюу 3.1 хувиар буурч, улмаар нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай гарлаа. Төсвийн нийт зарлага 22.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 11.3 хувиар тэлэхэд урсгал зарлагын өсөлт, тэр дундаа төрийн албан хаагчдын цалин, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлсэн нь голлон нөлөөлсөн байна.
Засгийн газрын нэрлэсэн дүнгээр илэрхийлсэн өрийн үлдэгдэл 35.7 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39.7 хувьд хүрч, өмнөх оны мөн үеэс 4.9 их наяд төгрөг буюу 15.9 хувиар өссөн байна. Гадаад өрийн эргэн төлөлт 2025 онд 391.8 сая ам.доллар, 2026 онд 978 сая ам.доллар, 2027 онд 918.5 сая ам.доллар, 2028 онд хамгийн өндөр буюу 1,078.5 сая ам.долларын өрийн төлбөр хүлээгдэж байна.
ТӨСВИЙН СЕКТОР |
БЛОГ |
Бүлэг 3. МӨНГӨНИЙ СЕКТОР
Инфляц 2025 оны 3 дугаар улиралд 9.0 хувь болж, төв банкны зорилтот түвшнээс өндөр хадгалагдлаа. Сүүлийн улирал инфляц эрчимжихэд хүнсний үнийн өсөлт голлон нөлөөлсөн байна. Эрэлтийн шалтгаантай инфляц алгуур саарах хандлагатай байсан ч нийлүүлэлтийн гаралтай инфляц мах, хүнсний ногоо зэрэг хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалан өсөв. Төв банк мөнгөний бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгаллаа. Арилжааны банкнуудын зээлийн өсөлт мөнгөний нийлүүлэлтийн өсөлтөд голлох нөлөө үзүүлсээр байна. Харин банкны салбарын чанаргүй зээлийн хэмжээ өссөн үзүүлэлттэй байна.
МӨНГӨНИЙ СЕКТОР |
БЛОГ |
Бүлэг 4. ГАДААД СЕКТОР
Зэсийн баяжмал, төмрийн хүдэр зэрэг уул уурхайн голлох бүтээгдэхүүний экспортын биет хэмжээ өмнөх оны мөн үеийн түвшинд хадгалагдсан нь үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг харуулж байна. Гэсэн хэдий ч дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал түүхэн дээд түвшинд хүрч, эрэлт буурсны улмаас нүүрсний үнэ огцом унасан нь экспортын орлогод голлох сөрөг нөлөө үзүүлэв. Нөгөө талаар дотоодын эрэлт саарснаар импортын өсөлт хязгаарлагдмал байв. Гэсэн хэдий ч экспортын орлогын бууралт илүү хүчтэй байсан тул урсгал дансны алдагдал тэлж, төлбөрийн тэнцэлд дарамт нэмэгдлээ.
ГАДААД СЕКТОР |
БЛОГ |
Бүлэг 5. ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ
Худалдааны дайн, геополитикийн хурцадмал байдал, бодлогын тогтворгүй байдал зэргийн нөлөөгөөр дэлхийн тодорхой бус байдал түүхэн дээд түвшинд хүрлээ. Үүний улмаас хөрөнгө оруулагчид аюулгүй хөрөнгөд хандах хандлагаа нэмэгдүүлж, алтны эрэлт өсөж үнэ нэмэгдсэн бол, дэлхийн эдийн засгийн идэвхжил буурснаар нүүрсний эрэлт суларч үнэ буурав. Харин тарифын түр завсарлага болон төсвийн дэмжлэгийн бодлогын нөлөөгөөр ОУВС 2025 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөвийг дээшлүүлэв.
ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ |
БЛОГ |



ТАНИЛЦУУЛГА: БҮРЭН ЭХЭЭР
БЛОГ
ХУРААНГУЙ ТООН МЭДЭЭЛЭЛ
БЛОГ