Эдийн засаг, хөгжлийн яамны 13 албан хаагч Төрийн албан хаагчийн тангараг өргөлөө

A- A A+
Эдийн засаг, хөгжлийн яамны 13 албан хаагч Төрийн албан хаагчийн тангараг өргөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 84 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын хэрэгжилтийг хангах хүрээнд Эдийн засаг, хөгжлийн яамны 13 албан хаагч өнөөдөр /2026.03.18/ өдөр Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөлөө.

Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Төрийн албаны зөвлөлийн Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Салбар зөвлөлийн дарга И.Батхүү болон яамны удирдлага, албан хаагчид оролцлоо.

Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр арга хэмжээг нээж үг хэлэхдээ Монгол Улсын төрийн албаны нэр хүнд, ёс зүй, хариуцлагын асуудлыг онцлон тэмдэглэж, төрийн албан хаагч бүр тангарагтаа үнэнч байж, хууль дээдлэх зарчмыг чанд мөрдөх шаардлагатайг дурдав. Тэрбээр төрийн алба бол зөвхөн ажил, албан тушаал бус, харин ард түмэндээ үйлчлэх эрхэм үүрэг болохыг онцолж, аливаа шийдвэр, үйл ажиллагаанд үндэсний язгуур ашиг сонирхлыг тэргүүнд тавьж ажиллахыг зөвлөлөө.

Түүнчлэн төрийн албан хаагчид өдөр тутмын үйл ажиллагаандаа ёс зүй, сахилга бат, хариуцлагыг эрхэмлэж, олон нийтийн итгэлийг хүлээсэн, шударга, ил тод байдлыг ханган ажиллах нь төрийн албаны үнэт зүйлсийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэв. Түүнчлэн хэлэх үг, хийх үйлдэл бүрдээ хянуур хандаж, төрийн албаны нэр хүндийг өндөрт өргөн ажиллахыг онцгойлон захилаа.

Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн дарга И.Батхүү төрийн албанд шинээр томилогдон ажиллаж буй албан хаагчдад мэргэжлийн ур чадвараа тогтмол дээшлүүлэх, хууль эрх зүйн мэдлэгээ бататгах, төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг чанд сахин биелүүлэхий санууллаа. Тэрбээр төрийн албаны тогтвортой, мэргэшсэн байдлыг хангахад хувь хүний хандлага, сахилга бат, хариуцлага чухал үүрэгтэйг онцолж, удирдлагуудын зүгээс дэмжиж ажиллах ёстойг сануулсан юм.

Тангараг өргөсөн албан хаагчид Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг чанд сахин биелүүлэх, төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг мөрдөж, төрийн үйлчилгээг иргэдэд шударга, хүртээмжтэй хүргэх, эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдал, үндэсний эрх ашгийг эрхэмлэн дээдэлж, ажиллахаа илэрхийллээ.