
Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд өнөөдөр /2026.03.19/ Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын өдөрлөг болж өндөрлөлөө.
Өдөрлөгт Монголын талаас Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн тэргүүтэй албаны төлөөлөгчид, Казахстаны талаас Худалдаа, интеграцын Тэргүүн дэд сайд Айжан Адиловна Бижанова, БНКазУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алмас Сейтакынов тэргүүтэй төлөөлөгчид, тус улсын томоохон аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд оролцов.

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэнгийн санаачилгаар зохион байгуулсан уг арга хэмжээний хүрээнд Эдийн засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулалтын бодлогын газраас Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан тэргүүлэх чиглэлийн төсөл, арга хэмжээнүүдийг танилцуулж, гадаадын хөрөнгө оруулалт татах боломжтой томоохон төслүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Тус газраас Хөрөнгө оруулалтын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, тэдгээрийн бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад үзүүлэх эерэг нөлөөллийн талаар танилцуулга хийсэн юм.

Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бодлогын газраас Монгол Улсын гадаад худалдааны өнөөгийн нөхцөл байдал, Казахстан Улстай хийж буй худалдаа, шууд хөрөнгө оруулалтын үзүүлэлт, Засгийн газраас худалдааны бодлогын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, гадаад худалдааны “нэг цонхны” цахим систем нэвтрүүлэх ажлын явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Түүнчлэн Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнуудтай байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд Монгол-Казахстаны худалдаанд гаалийн тарифын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх барааны жагсаалт, боломжийн талаар танилцууллаа.

Арга хэмжээний үеэр Төв Азийн коридор, Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг бүс нутгийн түвшинд уялдуулан хөгжүүлэх боломж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Энэхүү өдөрлөг нь Монгол, Казахстаны худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ашигтай төслүүдийг хэрэгжүүлэх, бизнесийн орчныг сайжруулахад чиглэсэн бодлогын уялдаа холбоог бэхжүүлэхэд чухал ач болсон юм.


