МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН 2025 ОНЫ 4 ДҮГЭЭР УЛИРЛЫН ТАНИЛЦУУЛГА
Эдийн засгийн өсөлт өмнөх оны мөн үеэс сайжирлаа. ДНБ нэрлэсэн дүнгээр 89.9 их наяд төгрөгт хүрч 11.5 хувиар, бодит дүнгээр 34.3 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 6.8 хувиар өсөв. Хөдөө аж ахуй, боловсруулах, барилгын салбаруудын өсөлт улирал дамнан хадгалагдаж, уул уурхайн салбар оны сүүл хагаст сэргэснээр эдийн засгийн өсөлтийг тэтгэсэн бол үйлчилгээний бусад үйл ажиллагаа болон худалдааны салбар агшиж эдийн засгийн өсөлтийн эрчмийг сулрууллаа.
Уул уурхайн салбар оны хоёрдугаар хагасаас эхлэн сэргэж, урьдчилсан гүйцэтгэлээр 10.6 хувьд хүрснээр нийт эдийн засгийн өсөлтийн 1.4 нэгж хувийг бүрдүүллээ. Өсөлтийг нүүрс, зэс, төмөр, жонш, цайрын баяжмал үйлдвэрлэл голлон дэмжсэн бол алт, газрын тосны үйлдвэрлэл хязгаарлалаа. Тээврийн салбар, тэр дундаа авто замаар тээвэрлэх нүүрс тээврийн орлого уул уурхайн эрчимжилтийг даган оны сүүл хагаст сэргэснээр тээврийн салбар 4.8 хувиар өсөж, эдийн засгийн өсөлтийн 0.3 хувийг бүрдүүлэв.
Хаваржилт тогтуун байж, мал төллөлт, бойжилт хэвийн үргэлжилсний дүнд мал аж ахуйн үйл ажиллагаа сэргэн, хөдөө аж ахуйн салбар 33.2 хувиар өсөж, эдийн засгийн өсөлтийг 2.9 нэгж хувиар дэмжив. Мөн Улаанбаатар хотын орон сууц, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн барилга, байгууламж болон Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын голлох нөлөөгөөр барилгын салбар 15.9 хувиар өслөө. Түүнчлэн барилга угсралт, их засварын ажлын өсөлтийг дагасан төмөрлөг бус эрдэс бодисоор хийсэн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн өсөлтийг дагасан хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл нэмэгдсэнээр боловсруулах салбар сэргэж, эдийн засгийн өсөлтийг дэмжив.
Харин экспортын нүүрс тээврийн зай багассанаар авто тээврийн салбарын шатахуун зарцуулалт буурсан, автомашины импортын худалдаа багассан, нийслэл дэх хатуу түлшний худалдааг БНХАУ-аас оруулж ирэх болсон зэргээс шалтгаалан бөөний болон жижиглэн худалдааны салбар 4.6 хувиар агшиж, эдийн засгийн өсөлтийг 0.6 нэгж хувиар сааруулав.
Эрэлт талаас цэвэр экспорт, өрхийн хэрэглээ нийт өсөлтийг голлон дэмжлээ. Уул уурхайн салбарын үйл ажиллагааны идэвх хадгалагдан экспорт нэмэгдэж, импорт буурснаар цэвэр экспорт эдийн засгийн өсөлтийг голлон дэмжлээ. Мөн төрийн хэрэглээ буурсан ч хөдөлмөрийн зах зээл тэлж, өрхийн бодит орлогын өсөлт оны турш тогтвортой хадгалагдсанаар өрхийн хэрэглээ өсөж, нийт өсөлтийг дэмжсэн байна. Харин нийт хөрөнгийн хуримтлал агшиж, өсөлтийг хязгаарлалаа. Орон сууцны барилгын бүтээн байгуулалт болон биологийн өсөж үрждэг хөрөнгийн өсөлтийн хурд эрчимжиж үндсэн хөрөнгийн хуримтлалыг дэмжсэн боловч машин, тоног төхөөрөмжийн хуримтлалын өмнөх оны өндөр суурийн нөлөө болон тайлант онд материаллаг эргэлтийн хөрөнгө буурснаар нийт хөрөнгийн хуримтлал агшиж, өсөлтийг хязгаарласан байна.
Экспорт өмнөх оны мөн үеийн түвшинд хадгалагдсан боловч импорт буурснаар нийт худалдааны бараа эргэлт өмнөх оноос буурлаа. 2025 онд Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл 4.4 тэрбум ам.долларын ашигтай гарсан хэдий ч нийт бараа эргэлт өмнөх оноос 1 хувиар буурлаа. Экспорт өмнөх оны түвшинд хадгалагдсан бөгөөд нүүрсний экспортын биет хэмжээ өссөн ч дэлхийн зах зээл дэх үнийн огцом бууралтаас шалтгаалан экспортын орлогод сөргөөр нөлөөлөв. Харин зэсийн баяжмал, төмрийн хүдэр, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт өсөж, уул уурхайн биржийн арилжаа идэвхэжсэнээр нүүрсний үнийн бууралтын нөлөөг нөхлөө. Импорт 2025 оны 2.6 хувиар буурсан бөгөөд тэр дундаа эдийн засаг, үйлдвэрлэлийг дэмждэг хөрөнгө оруулалтын болон аж үйлдвэрийн орцын бүтээгдэхүүнүүдийн импорт буурсан байна. Түүнчлэн, суудлын автомашины импорт буурсан нь хэрэглээний бүтээгдэхүүний импортыг буурууллаа.
Төсвийн тодотголоор нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийг хязгаарлалаа. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын орлого болон татварын бус орлогын өсөлтийн нөлөөгөөр 2025 оны жилийн эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 30.0 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 0.4 их наяд төгрөг буюу 1.3 хувиар өссөн байна. Нөгөө талаас, төсвийн нийт зарлага 31.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 0.7 их наяд төгрөг буюу 2.3 хувиар өссөн байна. Урсгал зарлагын өсөлтөд төрийн албан хаагчдын цалин, нийгмийн даатгал болон халамжийн сангийн тэтгэвэр, тэтгэмжийн өсөлт голлон нөлөөлсөн байна. Улмаар нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2025 оны жилийн эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 1.2 их наяд төгрөгийн алдагдалтай гарлаа.
Инфляц 2025 оны эцэст 7.5 хувь, төв банкны зорилтот интервалд байна. Эрэлтийн гаралтай инфляц алгуур саарах хандлагатай байсан бол нийлүүлэлтийн шалтгаантай инфляц мах, хүнсний ногоо зэрэг хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалан өсөв. Харин импортын болон хүнснээс бусад дотоодын бараа, үйлчилгээний үнийн өсөлт саарсан байна. Төв банкнаас мөнгөний бодлогын хүүг 2025 оны 3 дугаар сард 2 нэгж хувиар нэмэгдүүлж, 12 хувьд хадгалав.
Зээлийн өсөлт үргэлжлэн саарлаа. Арилжааны банкнуудын зээлийн жилийн өсөлт 2025 оны эцэст 18.9 хувьд хүрч саарсан байна. Шинээр олгосон зээлийн хувьд бизнесийн зээлийн өсөлт харьцангуй өндөр хадгалагдаж байгаа бол хэрэглээний зээлийн өсөлт буурчээ. Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт эргэн эрчимжиж, 10.6 хувьд хүрсэн бөгөөд үүнд дотоодын зээл голлон нөлөөлсөн хэвээр байна. Банкны салбарын чанаргүй зээлийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 18.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Харин нийт хадгаламжийн өсөлт 2025 оны эцэст 16.4 хувьд хүрсний дийлэнх хэсгийг иргэдийн төгрөгийн хадгаламж бүрдүүллээ.
ТАНИЛЦУУЛГА: БҮРЭН ЭХЭЭР |
ХУРААНГУЙ ДҮГНЭЛТ |
БОГИНО ХУГАЦААНЫ ТӨЛӨВ |
БЛОГ |
ХУРААНГУЙ ТООН МЭДЭЭЛЭЛ |
|---|
ТАНИЛЦУУЛГА БҮЛГЭЭР
Бүлэг 1. БОДИТ СЕКТОР
Эдийн засгийн идэвхжил хадгалагдаж, нийлүүлэлт талаас уул уурхай, хөдөө аж ахуй, барилгын салбарын өсөлт эдийн засгийн өсөлтийг дэмжсэн бол эрэлт талаас өрхийн хэрэглээ, цэвэр экспорт өсөлтийг дэмжив. Ажиллах хүчний оролцооны түвшин 62.3 хувьд хүрч, өрхийн бодит орлого 5 хувиар өссөн нь өрхийн хэрэглээг дэмжлээ. Уул уурхайн салбарын үйл ажиллагааны идэвхийн нөлөөгөөр нийт эдийн засгийн үйлдвэрлэлийн хэмжээ потенциал түвшнээс 1.4 хувь дээгүүр гарлаа.
БОДИТ СЕКТОР |
БЛОГ |
Бүлэг 2. ТӨСВИЙН СЕКТОР
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын орлого болон татварын бус орлогын өсөлтийн нөлөөгөөр 2025 оны жилийн эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 30.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 0.4 их наяд төгрөг буюу 1.3 хувиар өссөн байна. Нөгөө талаас, төсвийн нийт зарлага 31.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 0.7 их наяд төгрөг буюу 2.3 хувиар өссөн байна. Үүнд урсгал зарлагын өсөлт, тэр дундаа төрийн албан хаагчдын цалин, нийгмийн даатгал болон халамжийн сангийн тэтгэвэр, тэтгэмжийн өсөлт голлон нөлөөлсөн байна. Улмаар нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2025 оны жилийн эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 1.2 их наяд төгрөгийн алдагдалтай гарлаа.
Засгийн газрын өрийн нэрлэсэн үлдэгдэл 2025 оны урьдчилсан гүйцэтгэлээр 35.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39.4 хувьд хүрч, өмнөх оны мөн үеэс 2.0 их наяд төгрөг буюу 5.9 хувиар өслөө. Гадаад өрийн эргэн төлөлт 2025 онд 391.8 сая ам.доллар, 2026 онд 978 сая ам.доллар, 2027 онд 918.5 сая ам.доллар, 2028 онд хамгийн өндөр буюу 1,078.5 сая ам.долларын өрийн төлбөр хүлээгдэж байна.
ТӨСВИЙН СЕКТОР |
БЛОГ |
Бүлэг 3. МӨНГӨНИЙ СЕКТОР
Инфляц 2025 оны 4 дүгээр улиралд 7.5 хувьд хүрч, төв банкны зорилтот интервалд орлоо. Эдийн засгийн идэвхжил саарснаар эрэлтийн гаралтай инфляц алгуур саарах хандлагатай байсан бол нийлүүлэлтийн гаралтай инфляц мах болон хүнсний ногооны үнийн өсөлтөөс үүдэн нэмэгдэв. Түүнчлэн импортын болон хүнснээс бусад дотоодын бараа, үйлчилгээний үнийн өсөлт саарлаа. Төв банк 2025 оны 4 дүгээр улиралд мөнгөний бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалав. Арилжааны банкнуудын зээлийн өсөлт үргэлжлэн саарч, 2025 оны эцэст 18.9 хувьд хүрсэн байна. Хэдийгээр зээлийн өсөлт саарч байгаа ч мөнгөний нийлүүлэлтийн өсөлтөд голлох нөлөө үзүүлсээр байна. Мөн арилжааны банкнуудын чанаргүй зээлийн хэмжээ өссөн үзүүлэлттэй байна.
МӨНГӨНИЙ СЕКТОР |
БЛОГ |
Бүлэг 4. ГАДААД СЕКТОР
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр зэрэг уул уурхайн голлох бүтээгдэхүүний экспортын биет хэмжээ өмнөх оноос өссөн боловч дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал нэмэгдэж, эрэлт саарснаас нүүрсний үнэ огцом буурч, экспортын орлогод сөрөг нөлөө үзүүллээ. Харин дотоодын эрэлт сул байснаар импортын өсөлт хязгаарлагдмал түвшинд хадгалагдав. Ингэснээр урсгал дансны алдагдал буурч, төлбөрийн тэнцэл ашигтай гарлаа.
ГАДААД СЕКТОР |
БЛОГ |
Бүлэг 5. ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ
Худалдааны дайн, геополитикийн хурцадмал байдал, бодлогын тогтворгүй байдал зэргийн нөлөөгөөр дэлхийн тодорхой бус байдал сүүлийн 10 жилийн дунджаас 4 дахин өндөр байна. Үүний улмаас хөрөнгө оруулагчид аюулгүй хөрөнгөд хандах хандлагаа нэмэгдүүлж, алтны эрэлт өсөж үнэ нэмэгдсэн бол, дэлхийн эдийн засгийн идэвхжил буурснаар нүүрсний эрэлт суларч үнэ буурав. Харин тарифын түр завсарлага, технологийн хөрөнгө оруулалт, төсвийн дэмжлэгийн бодлогын нөлөөгөөр ОУВС 2026 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөвийг дээшлүүлэв.
ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ |
БЛОГ |
Бүлэг 6-7. МОНГОЛЫН ТҮҮХЭН ЭДИЙН ЗАСАГ
Макро эдийн засгийн нөхцөл байдал: 2021-2025
Макро эдийн засгийн нөхцөл байдал: 2005-2020
МОНГОЛЫН ТҮҮХЭН ЭДИЙН ЗАСАГ |
БЛОГ |



ТАНИЛЦУУЛГА: БҮРЭН ЭХЭЭР
БЛОГ
ХУРААНГУЙ ТООН МЭДЭЭЛЭЛ
БЛОГ