Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төсөл боловсруулах ажлын хүрээнд төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагын албан хаагчдад дэмжлэг үзүүлж, чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр сургалт, хэлэлцүүлгийг 2024 оны 10 дугаар сарын 9-ны өдөр зохион байгууллаа.
Тус арга хэмжээг Европын Холбооны санхүүжилттэй НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж буй “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн дэмжлэгтэйгээр Эдийн засаг, хөгжлийн яамны Хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газраас зохион байгуулж, 28 яам, агентлагийн 80 гаруй албан хаагчийг хамрууллаа.
Сургалт, хэлэлцүүлэгт ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Солонго, Монгол Улсын Ерөнхий Сайдын зөвлөх Л.Төр-Од, ЗГХЭГ-ын Салбарын бодлого, зохицуулалтын газрын дарга Ш.Мөнхцэрэн, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төслийн зөвлөх нар болон ЭЗХЯ-ны Хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Эрдэнэбат нар оролцлоо.