
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Борбала Анна Обрушанскиг өнөөдөр /2026.03.13/ хүлээн авч уулзан, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Монгол-Унгарын харилцаа 76 жилийн турш тогтвортой хөгжиж ирснийг хоёр тал онцолж, харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх, тэр дундаа шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад санал нэгдэв.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газраас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгааг дэд сайд С.Даваасүрэнгийн зүгээс дурдан, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад тодорхой саналуудыг тавьж, хоёр улс санхүүгийн салбарт мөн хамтарч ажиллах боломжтой талаар харилцан санал солилцов.

Элчин сайд Б.Обрушанскигийн зүгээс боловсрол, шинжлэх ухаан, аялал жуулчлалын чиглэлээр санаачлан хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулахын зэрэгцээ худалдааны эргэлтэд анагаах ухааны салбар, тухайлбал эм, эмийн бүтээгдэхүүн онцгой байр суурь эзэлдэгийг онцолж, хамтын ажиллагааны талаарх дэд сайдын тавьсан саналуудыг дэмжин хүлээн авч байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд Обрушански 2026 оны гуравдугаар улиралд Улаанбаатар хотноо Монгол-Унгарын бизнес форум зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа дурдлаа.
Хоёр улс 1950 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд худалдаа, эдийн засаг, боловсрол (Унгарын тэтгэлэгт хөтөлбөр), хөдөө аж ахуй, усны менежмент зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, элчин сайдын яамдаа харилцан ажиллуулж байна.


