card

"АЛСЫН ХАРАА-2050" МОНГОЛ УЛСЫН УРТ ХУГАЦААНЫ ХӨГЖЛИЙН БОДЛОГО БАТЛАХ ТУХАЙ

                                                 

Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйл 25.1.7-д “Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна” гэж заасны дагуу Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 52 дугаар тогтоолоор "Алсын Хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг баталсан билээ.

"Алсын Хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого нь төрийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн, судалгааны байгууллагуудын шинжээч, их, дээд сургуулийн багш 1500 гаруй хүн оролцон сүүлийн 100 жилийн хугацаанд салбар салбарт хэрэгжүүлж ирсэн 500 гаруй хөгжлийн бодлогыг нэгтгэн шинжилж гаргасан нүүдэлчин соёл иргэншил, үндэсний давтагдашгүй онцлогт суурилж, дэлхийн хөгжлийн дэвшилтэт үзэл баримтлалтай хослуулан боловсруулж, ирээдүйн 30 жилийн хөгжлийг тодорхойлсон “Монгол хөгжлийн загвар” юм. 

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилго бүр Монгол хүний сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн “Монгол Улс 2050 он гэхэд байгаль, хэл, хил, соёлоо тогтвортой хадгалсан, нийгмийн болон эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэгч орон болох” Алсын хараанд төвлөрсөн 9 суурь зорилго, хөгжлийн 47 зорилттой бөгөөд 10 жилээр буюу 2020-2030 он, 2031-2040 он, 2041-2050 он гэсэн 3 үе шаттайгаар зорилт тус бүрийн үйл ажиллагааны чиглэлийг төлөвлөсөн байна.

Монгол Улс 2050 онд нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлт, иргэдийн амьдралын чанараар Азид тэргүүлэгч орнуудын нэг болно.

НЭГ.ҮНДЭСНИЙ НЭГДМЭЛ ҮНЭТ ЗҮЙЛ

Зорилго 1. Орчин үеийн шинжлэх ухааны арга зүйгээр нарийвчлан судалж, хөдөлшгүй бодит баримтад үндэслэсэн “эх хэл, эх түүх, өв соёлыг” нийт хүн амд төлөвшүүлж, үндэсний ижилсэл-ондоошлын гүн ухамсар, дархлаатай үндэстэн-улс байгуулахад тулгуур болохуйц нэгдмэл үнэт зүйлсийг цогцлооно.

ХОЁР. ХҮНИЙ ХӨГЖИЛ

Зорилго 2. Чанартай амьдралын баталгаа бүхий нийгмийн хамгаалалтай, аз жаргалтай амьдралын ээлтэй орчинд, гэр бүлийн амьдралын баталгаа, улс орны хөгжлийн суурь болсон чанартай боловсролыг хүн бүр эзэмших боломжийг бүрдүүлэн нийгмийн идэвхтэй, эрүүл монгол хүнийг хөгжүүлнэ.

Монгол Улсын хөгжлийн бодлогын цөм нь боловсролтой, эрүүл, Монгол хүн юм. Энэ хүрээнд хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж, боловсролыг хувь хүний хөгжил, гэр бүлийн амьдралын баталгаа, улс орны хөгжлийн суурь болгон авч үзжээ. Түүнчлэн төрийн үйлчилгээг хүнээс хараат бус болгох зорилгоор цахим шилжилт хийж, ёс зүй өндөр иргэний нийгэм төлөвшүүлэн бүрдүүлэхэд голлон анхаарсан ба НҮБ-аас баталсан “Тогтвортой хөгжлийн зорилго-2030”-д тусгагдсан зорилго, зорилтуудыг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 1 дүгээр үе шат буюу 2030 он хүртэлх хугацааны хүрэх үр дүн, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд уялдуулан тусгажээ.

ГУРАВ.АМЬДРАЛЫН ЧАНАР БА ДУНДАЖ ДАВХАРГА

Зорилго 3. Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжин өрхийн орлогыг тогтвортой нэмэгдүүлж, идэвхтэй бүтээлч гэр бүлийг төлөвшүүлэн, хэрэгцээндээ нийцсэн байр сууц бүхий, хөрөнгө оруулалтын таатай орчин, нөхцөлд өрсөлдөхүйц бичил, жижиг, дунд бизнес эрхлэн өрх, гэр бүл, өөрийгөө тэтгэн амьдрах боломжтой, сэтгэл хангалуун амьдрах нөхцөлөөр тэтгэгдсэн дундаж давхаргыг бүрдүүлнэ.

ДӨРӨВ.ЭДИЙН ЗАСАГ

Зорилго 4. Эдийн засгийн тогтвортой өсөлт иргэн бүрдээ хүрсэн, дундаж давхарга зонхилсон, ядуурал эрс буурсан, эдийн засгийн хөгжлийн бодлогын суурийг бүрдүүлж, дотоод хэрэгцээгээ өөрсдөө хангадаг, экспорт эрчимжсэн, хөрөнгө оруулалт, хуримтлалын чадавхаа бүрдүүлсэн, олон тулгуурт эдийн засагтай улс болно.

Монгол Улс өнгөрсөн хугацаанд уул уурхайд тулгуурласан эдийн засагтай байсан. Одоо ч ийм хэвээр бөгөөд дэлхийн зах зээл дэх уул уурхайн түүхий эдийн ханшийн өсөлт, бууралт нь манай улсын эдийн засагт шууд нөлөөлдөг. Тиймээс ирэх 30 жилийн бодлогод,

1. Эдийн засгийн өрөөсгөл бүтэц, тогтворгүй өсөлтийг шийдвэрлэхийн тулд нэмүү өртөг шингээсэн уул уурхай, түүнийг холбосон дэд бүтцийн мега төслүүд, 

2. Хүнд, хөнгөн, хүнс гэсэн 3 төрөлжилттэйгөөр хөдөө аж ахуйн салбарыг багтаасан боловсруулах аж үйлдвэр, 

3. Эрчим хүчний салбар, 

4. Тээвэр, логистикийн салбар, 

5. Төрөлжсөн аялал жуулчлал ба түүнийг дагасан үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэл,

6. Мэдлэгжсэн, бүтээлч эдийн засгийн салбар зэргийг эдийн засгийн тэргүүлэх салбараар зарлаж, төрийн бодлогоор онцгойлон дэмжихээр тусгасан байна. Энэ нь хэрэглэгчээс үйлдвэрлэгч, импортлогч улсаас экспортлогч улс байх зорилт юм. 

Тухайлбал, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, боловсруулалтын түвшинг нэмэгдүүлэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох бодлого баримтална. Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барьж дуусган, уул уурхайн томоохон төслүүдийг дэд бүтцээр холбож, боловсруулах үйлдвэрүүд байгуулна. Тавантолгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг шинээр барих, эрчим хүчний эх үүсвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Газрын тос боловсруулах цогцолбор байгуулж, улсынхаа шатахууны хэрэгцээг дотоодоос хангах төсөл ч бас энд төлөвлөгдсөн. 

Уул уурхайн орлогын тодорхой хувийг Үндэсний баялгийн сан байгуулахад хуримтлуулж, эдийн засгийн тэргүүлэх салбаруудаа дэмжих, стратегийн хувьд ач холбогдолтой мега төслүүдээ санхүүжүүлэх, улмаар байгалийн баялгийг иргэн бүрд тэгш хүргэх тогтолцоог бүрдүүлэхээр төлөвлөсөн байна.

Манай улсын нийт хөдөлмөр эрхлэгчдийн 30 хувь нь мал аж ахуйн салбарт ажилладаг ч бүтээмж муугаас орлого бага байдгийг өөрчилж, эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлнэ. Улмаар нэмүү өртөг буюу үнэ цэн шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд онцгой анхаарч импортлогч улсаас экспортлогч улс болох зорилт дэвшүүлжээ. Энэ хүрээнд хөдөө аж ахуй, дотоодын боловсруулах үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих юм.

Эрчим хүч бол хүний судастай ижил. Эрчим хүч, дулааны дэд бүтцийг хөгжүүлснээр бусад салбар хөгжих боломж бүрдэх тул тус салбарыг Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдож, олон улсын зах зээлд экспортлох боломж байгаа. 

Мөн бүс, орон нутгийн онцлогт нийцүүлж, байгаль, түүх, соёлын өвд түшиглэн баруун бүсэд адал явдалт, тусгай сонирхлын, хангайн бүсэд-байгалийн, амралт зугаалгын, говийн бүсэд палентологийн, төвийн болон Улаанбаатарын бүсэд соёлын болон бизнесийн, зүүн бүсэд түүхэн төрөлжсөн аялал жуулчлал, түүнийг дагасан жижиг, дунд үйлдвэрлэл, үндэсний брэнд бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж хөгжүүлнэ. Түүнчлэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ, чанар, стандартыг сайжруулж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, Монголын нүүдлийн соёлын онцлогт тохирсон үндэсний шинэлэг, сор бүтээл, брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих юм.

ТАВ.ЗАСАГЛАЛ

Зорилго 5. Монгол хүний хөгжлийг хангасан ухаалаг-тогтвортой засаглал тогтож, захиргааны оновчтой бүтэц зохион байгуулалт бүхий төрийн алба төлөвшин, цахим технологид тулгуурласан иргэн төвтэй төрийн үйлчилгээнд бүрэн шилжиж, төр-хувийн хэвшил-иргэний нийгмийн хамтын ажиллагаа бүх хүрээнд өргөжин, хүний эрхийг бүрэн хангасан, шударга ёсны тогтолцоо төлөвшсөн, авлигагүй улс болно.

ЗУРГАА. НОГООН ХӨГЖИЛ

Зорилго 6. Байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийг эрхэмлэн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалж, байгаль орчны тогтвортой байдлыг ханган үр өгөөжийг нь өнөө болон ирээдүй хойч үе хүртэх нөхцөлийг бүрдүүлж, хүний амьдралын чанарыг сайжруулна.

ДОЛОО.АМАР ТАЙВАН, АЮУЛГҮЙ НИЙГЭМ

Зорилго 7. Улсын батлан хамгаалах чадавхыг бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, нийгмийн дэг журам, иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах, гамшгийн эрсдэлийг бууруулах замаар хүн, нийгмийн аюулгүй байдлыг хангана.

НАЙМ.БҮС, ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛ

Зорилго 8. Үндэсний соёлоо дээдэлсэн, хүн амын нутагшилт, суурьшлын тогтвортой тогтолцоотой, байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалан хойч үедээ өвлүүлсэн, эдийн засгийн төрөлжилт, дагналт, хоршилт бүхий ногоон үйлдвэрлэлийг хөгжүүлж, бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдсэн, өрсөлдөх чадвартай, харьцангуй тэнцвэртэйгээр бүс, орон нутгийг хөгжүүлнэ.

ЕС.УЛААНБААТАР БА ДАГУУЛ ХОТ

Зорилго 9. Амьдрахад таатай, байгаль орчинд ээлтэй, хүн төвтэй ухаалаг хот болгон хөгжүүлнэ.