ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮНДЭСНИЙ САЙН ДУРЫН ХОЁРДУГААР ИЛТГЭЛИЙН ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛАХ ҮНДЭСНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

A- A A+
ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮНДЭСНИЙ САЙН ДУРЫН ХОЁРДУГААР ИЛТГЭЛИЙН ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛАХ ҮНДЭСНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2015 оны 9 дүгээр сард зохион байгуулагдсан Тогтвортой хөгжлийн дээд хэмжээний чуулга уулзалтаар  нийгэм, эдийн засаг, байгаль орчин  гэсэн тогтвортой хөгжлийн гурван тулгуурт суурилан ядуурал, өлсгөлөнг эцэслэх, эх дэлхийгээ хамгаалах, шударга ёсыг дээдлэх, ялгаварлал, тэгш бус байдлыг арилгах зэрэг 17 зорилго, 169 зорилт бүхий 2030 он хүртэлх дэлхий нийтийн урт хугацааны бодлогын баримт бичиг болох Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ)-ыг тунхаглан баталсан.

Улс орнууд Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтээ Үндэсний сайн дурын илтгэлээр дамжуулан үнэлж, дүгнэдэг бөгөөд, энэ нь ТХЗ-ын хэрэгжилтийн явцыг сайжруулахад харилцан туршлага солилцох ач холбогдолтой байдаг.

Монгол улсын Засгийн газраас Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн Үндэсний сайн дурын анхдугаар илтгэлээ 2019 онд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн Улс төрийн дээд түвшний чуулга уулзалтад танилцуулсан бол хоёр дахь удаагийн Үндэсний сайн дурын илтгэлийг энэ оны 7 дугаар сард мөн НҮБ-ын чуулга уулзалтад танилцуулах юм.

Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын ахалсан Ажлын хэсгээс илтгэлийн төслийг боловсруулж, зөвшилцөн санал авах Үндэсний хэлэлцүүлгийг 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг нээж Эдийн засаг, хөгжлийн дэд Сайд Г.Түвдэндорж, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра нар үг хэллээ.

Тус хэлэлцүүлэгт төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллага, иргэний нийгэм, олон улсын байгууллагын 120 гаруй төлөөлөл оролцож санал, зөвлөмжөө хуваалцлаа.

Энэ удаагийн Үндэсний сайн дурын илтгэлээр манай улсын Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн ерөнхий үнэлгээ, ахиц дэвшлийг одоогоор хэмжих боломжтой байгаа шалгуур үзүүлэлтүүдийн хүрээнд зорилтот түвшинтэй харьцуулсан индексийн аргаар үнэлж, цар тахал, геополитикийн нөхцөл байдлын Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтэд үзүүлсэн нөлөөлөл, “хэнийг ч ардаа орхилгүй” тогтвортой хөгжихийн тулд хамгийн эмзэг бүлгийг олон улсад хэрэглэж буй шинэлэг арга зүйг ашиглан тодорхойлж, газар зүйн онцлог байдлаар хөгжлийн бодлого тодорхойлох, бүс, орон нутгийн хөгжлийн асуудлыг жишээ болгон шинжилж илтгэлд авч үзсэнээрээ онцлогтой.