Залуу эрдэмтэн, судлаач, мэргэжилтэн, шинийг санаачлагч залуусын бүтээлийг олон улсын эрдэмтэд, хөрөнгө оруулагчид, бизнесийн салбарынханд танилцуулдаг Falling Walls Lab Mongolia’24 форум 2024 оны 09-р сарын 27-нд танхим болон цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү форум нь Монголын Улсын шинжлэх ухаан, технологийн салбарын залуу үеийнхэнд инновац, судалгааны ажлаа олон улсын тавцанд гаргах, эдийн засгийн өсөлт, хөгжлийг дэмжих шинэ боломж олгох зорилготой арга хэмжээ юм.
Форумын эцсийн шатанд шалгарсан 13 илтгэгч тус бүр гурван минутын хугацаанд өөрсдийн шинэ санаачилга, инновацын шийдлүүдээ танилцуулсан бөгөөд эдгээрт сансрын микроскоп, хүнс, био бүтээгдэхүүний хөгжүүлэлт, зөөврийн спектрометр, хэрэглэгчийн зан төлөвийг судлах, амжилтгүй гарааны бизнесүүдийн шалтгааныг илрүүлэх судалгаа зэрэг олон талт төслүүд багтжээ.
Falling Walls Lab Mongolia’24 форумын ялагчаар Одбат овогтой Эрдэнэчимэг "BIODEGRADABLE POLYMER" судалгааны төслөөр шалгарч, Монгол Улсаа төлөөлөн 11-р сард Берлин хотноо болох Falling Walls Lab International Finale арга хэмжээнд оролцох эрх авлаа.
Мөн форумд Энэтхэг улсаас Бикрам Барути "MICROSCOPY IN SPACE" илтгэлээрээ хоёрдугаар байранд, Очирхуяг овогтой Алтантуяа "SUSTAINABLE BIOPLASTIC" төслөөрөө гуравдугаар байранд тус тус шалгарлаа.
Энэхүү форум нь Монгол Улсын Эдийн Засаг, Хөгжлийн Яам, Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Сан зэрэг төрийн болон хувийн хэвшлийн олон байгууллагын дэмжлэгтэйгээр амжилттай зохион байгуулагдсан бөгөөд залуу судлаачдад судалгааны ажлаа хөгжүүлэх, бизнесийн шинэ гарцыг олох өргөн боломжийг нээж өгсөн чухал арга хэмжээ боллоо.
Falling Walls Lab нь анх Герман улсад Берлиний түүхэн үйл явдлаас санаа авч байгуулагдсан бөгөөд өнөөдөр дэлхийн 100 гаруй улсад жил бүр зохион байгуулагддаг шинжлэх ухаан, технологи, инновацын салбарт нэр хүндтэй арга хэмжээ болон өргөжөөд байна.