Олон улсын үнэлгээний “Fitch Ratings” болон “S&P Global” агентлагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B+” болгож ахиуллаа

A- A A+
Олон улсын үнэлгээний “Fitch Ratings” болон “S&P Global” агентлагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B+” болгож ахиуллаа

Б.Амина, Ц.Бадамцэцэг, Г.Хулан

 

Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр “Fitch Ratings” агентлаг "B+, тогтвортой" болгож нэмэгдүүлсэн бол 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “S&P Global” агентлаг “B+, эерэг” болгон ахиуллаа.  

Сүүлийн жилүүдэд Ковид-19 цар тахал, геополитикийн тогтворгүй байдал, дэлхий нийтийг хамарсан инфляцын өсөлт, Төв банкнуудын мөнгөний хатуу бодлого зэрэг эдийн засгийн амаргүй нөхцөл байдалтай нүүр тулсан хэдий ч Монгол Улс эдийн засгийн тогтвортой байдлыг амжилттай хадгалж, зээлжих зэрэглэлийг ахиулж чадлаа. 

“Fitch Ratings” агентлагийн зүгээс бизнесийг дэмжих бодлогын нөлөөгөөр гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэн, уул уурхайн өсөлт эрчимжиж, гадаад валютын нөөц нэмэгдэн, макро эдийн засгийн орчин сайжирснаас гадна Монгол Улс гадаад бондуудын төлбөрийг хугацаанд нь барагдуулж, дунд хугацааны гадаад өрийн эрсдэлийг бууруулсан зэрэг нь зээлжих зэрэглэлийг ахиулах үндэслэл болсон байна.   

Харин “S&P Global” агентлагаас Монгол Улсын экспортын орлого нэмэгдэж, төсвийн тэнцэл сайжирсны зэрэгцээ цаашид экспортын өсөлт тогтвортой хадгалагдаж, эдийн засгийн өсөлтийг дэмжих төлөвтэй гэж үзэж ийнхүү зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлсэн байна. Тус агентлагаас Монгол Улсын эдийн засаг 2024 онд 6 хувиар өсөх ба дунд хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлт үргэлжилнэ гэж таамаглажээ.  

Тухайн улсын зээлжих зэрэглэл нь гадаад, дотоодын зээлийн төлбөрөө эргэн төлөх чадвар, зээлийн эрсдэлийг хэмждэг үзүүлэлт бөгөөд эдийн засгийн өсөлт ба бүтэц, экспортын орлого, гадаад төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, гадаад валютын нөөц, өрийн дарамт, гадаадын хөрөнгө оруулалт, төсөв, мөнгөний бодлогын уян хатан байдал, улс төр, засаглалын үр дүнтэй байдал гэх мэт  улс төр, нийгэм, эдийн засаг, санхүү, төсвийн үзүүлэлтүүдийг нэгтгэн тодорхойлдог байна.  

Монгол Улсын зээлжих зэрэглэл сайжирч байгаа нь хөрөнгө оруулагчдын Монгол Улсад итгэх итгэлийг нэмэгдүүлж, Засгийн газар төдийгүй хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд гадаад зах зээлд бонд гаргах, хөрөнгө оруулалт, санхүүжилт татахад өртөг буурах, санхүүжилтийн эх үүсвэр нэмэгдэхэд чухал ач холбогдолтой юм. 

Зээлжих зэрэглэл сайжрахад нөлөөлсөн хүчин зүйлс 

  • Экспортын орлого. Засгийн газрын зүгээс “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 2022 оны 362 дугаар тогтоолыг баталж, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд Монгол Улс уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тогтолцоонд шилжиж, ашигт малтмалын олборлолтоос экспортлох хүртэлх бүх шатны гэрээг бүртгэлжүүлж, ашигт малтмалыг хил үнээр борлуулж эхэлсэн. БНХАУ-ын Монгол улсаас импортлох нүүрсний эрэлт нэмэгдэж, Засгийн газраас хэрэгжүүлсэн цогц арга хэмжээний үр дүнд 2023 онд нүүрсний экспортын биет хэмжээ өмнөх оноос 2.2 дахин өсөж 69.6 сая тоннд хүрсэн. 2024 онд экспортын өсөлт үргэлжлэн хадгалагдаж оны эхний 8 сарын байдлаар нүүрсний экспорт 55.4 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 23.1 хувиар өсөөд байна. Уул уурхайн экспорт ийнхүү нэмэгдсэнээр уул уурхайн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 2023 онд өмнөх оноос 2.7 их наяд төгрөг буюу 51 хувиар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр өмнөх оноос 1.2 их наяд төгрөг буюу 43 хувиар тус тус өсөж, нэгдсэн төсвийн тэнцэл сүүлийн 5 жилд анх удаа ашигтай гарсан. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2024 оны эхний 8 сарын байдлаар 1.6 их наяд төгрөгийн ашигтай байна.  
     
  • Гадаад валютын улсын нөөц. Экспорт, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээний үр дүнд 2022 онд 2.7 тэрбум ам.долларт хүрч буураад байсан гадаад валютын улсын нөөц 2024 оны 3 дугаар сард 5.2 тэрбум ам.долларт хүрч тогтвортой нэмэгдсэн бөгөөд улмаар Монголбанк своп хэлцлийн 0.8 тэрбум ам.долларын төлбөрийг төлөх боломж бүрдсэн. Монгол Улсын гадаад валютын нөөц 2024 оны 9 дүгээр сарын байдлаар 4.7 тэрбум ам.доллар байна. 
     
  • Эдийн засгийн тогтвортой өсөлт. Монгол Улсын эдийн засгийн өсөлт тогтвортой хадгалагдаж, 2023 онд 7.4 хувиар, 2024 оны эхний хагас жилийн байдлаар 5.6 хувиар өсөөд байна. Уул уурхай, тээврийн салбарын идэвхжил хадгалагдаж, экспорт өсөж, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлсний нөлөөгөөр өрхийн орлого, хэрэглээ нэмэгдсэн нь эдийн засгийн өсөлтийг тэтгэж байна. “S&P Global” агентлаг Тавантолгой болон Оюутолгой зэрэг уул уурхайн төслүүдийн нөлөөгөөр эдийн засгийн өсөлт дунд хугацаанд тогтвортой хадгалагдаж, 2024-2027 хүртэл жилд дунджаар 6 орчим хувиар өсөхөөр төсөөлж байна.
      
  • Гадаад төлбөр. Монгол Улс 2022-2024 онд төлөгдөх хуваарьтай байсан дараах томоохон бондын төлбөрүүдийг амжилттай төлж, гадаад өрийн дарамтыг буурууллаа. Үүнд:   
    • Засгийн газар 2022 онд Чингис бондын үлдэгдэл 137 сая ам.долларыг бүрэн төлж барагдуулсан бол өрийн зохицуулалтын арга хэмжээний хүрээнд 2023 онд Гэрэгэ бондын үлдэгдэл 533 сая ам.долларыг, 2024 онд Хуралдай бондын 600 сая ам.долларын төлбөрийг тус тус амжилттай төлж барагдуулсан.  
    • Хөгжлийн банк 2023 онд 500 сая ам.долларын Евро бонд, 30 тэрбум иенийн Самурай бондын төлбөрүүдийг амжилттай төлж дууссан.  
    • Монголбанк 2023-2024 онд Хятадын Ардын Банктай байгуулсан своп хэлцлийн 6 тэрбум юань буюу 0.8 тэрбум ам.долларын төлбөрийг барагдуулж, ашиглалтын үлдэгдлийг дүнг 2 дахин бууруулсан. 
  • Засгийн газрын өр. Засгийн газар гадаад өр төлбөрийг амжилттай төлж барагдуулснаар цар тахлын үед ДНБ-ий 75.5 хувьд хүрч өсөөд байсан Засгийн газрын нэрлэсэн өрийн ДНБ-д эзлэх хувь 2024 оны эхний хагас жилд 38 хувьд хүрч буурсан байна. Засгийн газрын нийт өрийн үлдэгдэл 2024 оны эхний хагас жилийн эцсийн байдлаар 30.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 863 тэрбум төгрөгөөр буурсан байна.  

Зээлжих зэрэглэлийг цаашид нэмэгдүүлэхэд нөлөөлөх хүчин зүйлс 

“S&P Global” агентлагаас Монгол Улсын гадаад секторын нөхцөл байдал, төсвийн сахилга бат сайжирч, гадаад цэвэр өр урсгал дансны орлогын 50 хувиас бага түвшинд хүрэх эсвэл Засгийн газрын нэрлэсэн өр ДНБ-ий 30 хувиас бага түвшинд хүрч буурвал Монгол Улсын зээлжих зэрэглэлийг өсгөх боломжтой гэж үзжээ. Мөн Монгол Улс институтийн орчноо сайжруулж, бодлогын тогтвортой байдлыг хадгалснаар зээлжих зэрэглэлээ өсгөх боломжтой байна.   

 

Эх сурвалж: “S&P Global”, “Fitch Ratings”, “Moody’s”, “Макро эдийн засгийн танилцуулга, 2023 оны 4 дүгээр улирал, Эдийн засаг, хөгжлийн яам”  

Энэхүү блогт тусгагдсан үр дүн, тайлбар, дүгнэлт нь Эдийн засаг, хөгжлийн яамны байр суурийг илэрхийлэх албагүй болно.  

Тэмдэглэл: Moody’s, Fitch, S&P Global зэрэг олон улсын байгууллагуудын жил бүр 130 гаруй орнуудыг хамруулан зээлжих зэрэглэлийн үнэлгээг гүйцэтгэдэг байна. Эдгээр агентлагууд нь зээлжих зэрэглэлийг хөрөнгө оруулалтын эрсдэлээс хамаарч хөрөнгө оруулалтын (AAA), (Aa1, Aa2, Aa3, AA), (A1, A2, A3, A), (Baa1, Baa2, Baa3, BBB), болон хөрөнгө оруулалтын бус (Ba1, Ba2, Ba3, BB), (B1, B2, B3, B), (Саа1, Саа2, Саа3, CCC), (Ca, CC), (C) гэсэн 18 ангилалд хуваан ангилдаг байна. Мөн зээлжих зэрэглэлийн ойрын хугацаанд хүлээгдэж буй төлөв байдлыг гурав ангилан авч үздэг ба “Эерэг” буюу үнэлгээ сайжрах хандлагатай, “Тогтвортой” буюу үнэлгээ өөрчлөгдөхгүй, “Сөрөг” буюу зэрэглэл буурах эрсдэлтэй гэж ангилдаг байна.