Монгол Улс болон Оросын Холбооны Улс хоорондын бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Монгол-Оросын бүс нутгийн анхдугаар чуулга уулзалт” Эрхүү хотноо 2025.12.01-02-ны өдрүүдэд болж, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Монголын талыг ахлан оролцож байна.

Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд энэ үеэр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчуктай албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтаар бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх бодит төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх тал дээр санал нэгдэв.
Тухайлбал, Монгол Улс-ОХУ-БНХАУ эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг эрчимжүүлэх, “Евразийг холбосон Төмөр замын төв коридорын өргөтгөн иж бүрэн шинэчлэн хөгжүүлэх, хос зам барих, цахилгаанжуулах боломжийг судлах” төслийг дахин нэг шат ахиулахын тулд талуудын боловсруулсан ТЭЗҮ-үүдийг нэгтгэх саналыг хэлэлцлээ.
Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нарын дэмжсэн ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий дамжуулах хоолой барих төсөл, эрчим хүчний салбарт Эгийн голын төслийг эрчимжүүлэх Монголын талын байр суурийг уламжлав. Түүнчлэн Монгол Улсын хөдөө аж ахуйн, ялангуяа малын гаралтай бараа, бүтээгдэхүүнийг ОХУ болон бусад оронд хүргэхэд дэмжлэг үзүүлэх, үүнд Монгол Улсын Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан түр гэрээ, дэд бүтцийн төслүүд том түлхэц болох юм.
Бүс нутгийн хөгжлийг хурдасгах эдгээр төсөлд дэмжлэг үзүүлэх хүрээнд судалгааны хөрөнгө оруулалт болон судалгааны төв байгуулах, Евразийг дамнасан “Цайны их зам”-ын дагуух аялал жуулчлалын брэндийг бий болгох, Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэх ажлыг урагшлуулж, авто болон төмөр замын аяллыг сурталчлах, хил орчмын хамтын ажиллагааг өргөжүүлэн боомтуудын чадавхыг сайжруулах, нэн тэргүүнд хэрэгжүүлэх таван төслийг тохиролцож, голлох төсөл хэмээн тодорхойлон хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар санал солилцов.


