Г.Хулан, С.Хүрэл-Эрдэнэ
Манай улсын хүн амын хөдөлмөр эрхлэлт сайжирч байгаа ч эдийн засгийн өсөлтөө тогтмол хадгалахын тулд илүү нэмэгдүүлэх шаардлага байна.
Ажиллах хүчний оролцооны түвшин дэлхийн улс орнуудад цар тахлын нөлөөгөөр хэрхэн өөрчлөгдсөнийг доорх зурагт тоон мэдээлэл нь олдоцтой зарим улсуудыг төлөөлөл болгон авч 2019 (цар тахлын өмнө), 2021 (цар тахлын үе), 2024 (цар тахлын дараа) оны түвшнээр дүрсэлж харуулав. Зурагт үзүүлснээр цар тахлын үеэр улсуудын ажиллах хүчний оролцоо хөгжлийн түвшнээс үл хамааран ерөнхийдөө буурсан байна. Харин цар тахлын дараа яаж өөрчлөгдсөнийг 2024 оны тоон мэдээллээс харвал зарим улсуудад, ялангуяа өндөр хөгжилтэй орнуудад хөдөлмөр эрхлэлт сэргэсэн байдал ажиглагдаж байхад зарим улсад цар тахлын үеэсээ ч буурсан үзүүлэлттэй харагдаж байна. Гэсэн хэдий ч эдийн засгийн өсөлт тогтмол үзүүлдэг Вьетнам, Казакстан, Хятад, Солонгос зэрэг улсууд ажиллах хүчний оролцооны түвшнийг 63-70 хувьд хадгалсаар байна. Манай улсын тухайд цар тахлын өмнө ажиллах хүчний оролцооны түвшин 61 хувь байсан бол цар тахлын үеэр 57 хувь болж буурсан байдаг. Харин цар тахлыг амжилттай даван туулж, эдийн засаг сэргэж, идэвхэжсэнээр хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж 2024 оны 2 дугаар улирлын байдлаар ажиллах хүчний оролцооны түвшин 62.2 хувьд хүрсэн нь 2015 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болоод байна.
Энэ үзүүлэлтийг жил бүр 1 нэгж хувиар ахиулан 2028 онд 65 хувьд хүргэхээр тооцвол (ажилгүйдлийн түвшинг трендээ хадгална гэж үзэв) ирэх 4 жилийн хугацаанд ажилчдын тоог жилд дунджаар 47 мянгаар нэмэгдүүлж, тус хэмжээний ажлын байрыг шинээр бий болгох шаардлагатай байна.
Энэ оны 2 дугаар улирлын байдлаар манай улсад 1,347 мянган хүн ажиллаж байна. Ажиллах хүчний оролцооны түвшинг 4 жилийн дараа 65 хувьд хүргэхийн тулд нийт 190 мянган ажилчид нэмж шаардагдах бөгөөд эдгээр ажилчдыг их, дээд сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага төгсөгчдөөс 80 мянга, ажиллах хүчнээс гадуур бусад хүн амаас 110 мянган хүнээр бүрдүүлэхээр байна. Үүний тулд:
- Оюутнууд, хүн/хүүхэд асарч буй хүмүүс, мэргэжил, дадлага туршлагагүй хүмүүс, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг ажиллах хүчнээс гадуур хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор оюутан, залуучуудын чөлөөт цагаараа ажил, хөдөлмөр эрхлэх, гарааны бизнес эрхлэх эрх зүйн орчныг сайжруулах, хүүхэд харах, өдөр өнжүүлэх үйлчилгээний хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, асрахуйн эдийн засгийг дэмжих, цахимаар зайнаас, болон богино хугацаанд хөдөлмөрлөх боломжийг бүрдүүлэх, төрөөс үзүүлж буй нийгмийн халамж, тусламж, үйлчилгээг зорилтот бүлэгт чиглүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан аймгуудын мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг төрөлжүүлж, дадлагажуулах, КООСЭН сургалтын коллежийг нэвтрүүлэх, ахмад настныг шинэ ур чадварт сургах, ажлын байрныхаа 2 хувьд ахмад настан ажиллуулах, 4 хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулах зэрэг бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэхээр ирэх 4 жилийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан байна.
Манай улсад 2025-2028 онд 1 жилд ойролцоогоор 30 мянган хүн өндөр насны тэтгэвэрт гарах хүлээлттэй байгаа бол 50 мянган оюутан шинээр төгсөж, хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэгдэхээр байна. Эдгээр төгсөгчдөөс тэтгэвэрт гарсан сул ажлын байранд 30 мянга нь ажиллана гэж үзвэл үлдсэн 20 мянган төгсөгчдөд шинэ ажлын байр шаардлагатай болох юм. Үүн дээр нэмээд ажиллах хүчнээс гадуур хүн амаас ажилчид орж ирэн нийт ажилчдын тоог нэмэгдүүлнэ гэж үзвэл жилд дунджаар 47 мянган1 шинэ ажлын байр бий болгох шаардлагатай байна. Иймд:
- Ажлын байр нэмэгдүүлэх хүрээнд эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалтыг дэмжих, бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхийн зэрэгцээ оюуны хөдөлмөрийг дэмжсэн цахим болон зайн ажлын байрыг нэмэгдүүлэх “Бүтээмжийн хувьсгал” санаачилгыг хэрэгжүүлэх, тогтвортой ажлын байрыг шинээр бий болгосон жижиг, дунд, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг татвар, эдийн засгийн бодлогоор дэмжих, 1,000 өндөр технологийн ажлын байр бий болгох гэх мэт бодлого, арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Мөн гадаадаас өндөр мэдлэг, ур чадвар бүхий нарийн мэргэжлийн ажиллах хүчний болон хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг хангах зорилгоор гадаадаас авах ажиллах хүчний тоонд тавих хязгаарлалтыг уян хатан болгох, ажлын байрны төлбөрөөс бүрэн чөлөөлөх бодлого баримталж бизнес эрхлэгчид богино хугацаанд шаардлагатай боловсон хүчнээ бүрдүүлэх боломжийг нэмэгдүүлэхээр тусгасан байна.
_____________________________________________________________________
1 Энэ нь сүүлийн 4 жилийн байдлаар жилд дунджаар 48 мянган шинэ ажлын байрны эрэлт бий болж байгаа талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтээс жил бүр хийгддэг Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометрийн судалгаагаар гарсан үр дүнтэй нийцтэй байна.