МОНГОЛ УЛСЫН НИЙТ ЭКСПОРТ 2024 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН БАЙДЛААР 11.8 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ

A- A A+
МОНГОЛ УЛСЫН НИЙТ ЭКСПОРТ 2024 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН БАЙДЛААР 11.8 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ

Т.Мягмаржав

 

Монгол Улс 2024 оны эхний 9 сард дэлхийн 73 оронд, 11.8 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүн экспортолж, экспортын дүн өнгөрсөн оны мөн үеэс 486 сая ам.доллароор буюу 4.3 хувиар өслөө. Экспортын өсөлтөд нүүрс болон төмрийн хүдрийн экспортын биет хэмжээ нэмэгдсэн, дэлхийн зах зээл дээрх алт, зэсийн үнэ өссөн зэрэг нь эерэг нөлөө үзүүллээ.  

Голлох уул уурхайн бүтээгдэхүүнүүдийн экспортын биет хэмжээ нэмэгдлээ

  • Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын орлого 2024 оны эхний 9 сард 10.9 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 6 хувиар өслөө. Уул уурхайн бүтээгдэхүүн нийт экспортын 93 хувийг, тэр дундаа нүүрс болон зэсийн баяжмал дангаараа 76 хувийг бүрдүүллээ.
    • Нүүрс. Нүүрсний экспортын биет хэмжээ 2024 оны эхний 9 сард 61.2 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 25 хувиар нэмэгдсэн байна. Үүнд, БНХАУ-ын хойд хэсгийн эдийн засгийн өсөлт тогтвортой байж манай улсын гадаад эрэлтийг дэмжиж байгаагаас гадна хил орчмын тээвэр зохион байгуулалт сайжирч, хилийн голлох боомтуудад автомат удирдлагатай тээврийн хэрэгслүүд нэвтэрсэн нь эерэг нөлөө үзүүллээ. 
    • Зэсийн баяжмал. Оюутолгойн гүний уурхайн олборлолт эхэлсэнтэй холбоотойгоор зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ 1,186 мянган тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 3 хувиар нэмэгдлээ. 
    • Төмрийн хүдэр. Төмрийн хүдрийн олборлолт нэмэгдсэнтэй холбоотойгоор төмрийн хүдрийн экспортын биет хэмжээ 5,461 мянган тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 29 хувиар өссөн байна.
    • Алт.  Алтны олборлолт болон худалдан авалт буурч, экспортын биет хэмжээ 9 тонн буюу өмнөх оны түвшинд байсан хэдий ч дэлхийн зах зээл дээрх алтны үнэ өссөнөөс шалтгаалан алтны экспортын орлого 20 хувиар өссөн байна.

Цаг агаарын хүндрэлээс шалтгаалан уул уурхайн бус бүтээгдэхүүний экспорт буурлаа

  • Уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортын орлого 2024 оны эхний 9 сард 809 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 20 хувиар буурлаа.
  • Үүнд нийт нутгийн ихэнх хэсэгт өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор өмнөх оны мөн үетэй харьцуулахад махны экспортын орлого 28 хувиар, боловсруулсан арьс, ширний экспортын орлого 24 хувиар, самар, жимсний экспортын орлого 92 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөллөө.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн идэвх суларч байна 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр 2024 оны эхний 9 сард нийт 17.8 сая тонн нүүрсийг 2.1 тэрбум ам.доллароор, 1,779 мянган тонн төмрийн хүдэр, баяжмалыг 125 сая ам.доллароор, 5.4 мянган тонн зэсийн баяжмалыг 12 сая ам.доллароор, 15.4 мянган тонн хайлуур жоншны хүдэр, баяжмалыг 2.4 сая ам.доллароор тус тус арилжаалаад байна. 
  • Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр 2024 оны эхний улиралд 127 арилжаа, 2 дугаар улиралд 212 арилжаа амжилттай хийгдсэн бол 3 дугаар улиралд арилжааны тоо 112 болж буурлаа. Тэр дундаа нүүрсний арилжааны тоо 2024 оны 5 дугаар сард 55 хүрснээс хойш тогтмол буурч, 9 дүгээр сард 12 болж буурсан байна. 

Экспортын цаашдын төлөв

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2024 оны жилийн эцэст 28.5 тэрбум ам.долларт хүрч, худалдааны тэнцэл 4.9 тэрбум ам.долларын ашигтай гарахаар төсөөлж байна. Оюутолгойн гүний уурхайн нөлөөгөөр 2024 онд зэсийн баяжмалын экспорт 1,560 мянган тоннд хүрч нэмэгдэхээр байна. Түүнчлэн, хилийн боомтуудын дэд бүтцийг сайжруулах, тээвэр зохион байгуулалтыг оновчтой хийх, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагааг өргөтгөх зэрэг арга хэмжээнүүдийн үр дүнд нүүрсний экспорт 78 сая тоннд, төмрийн хүдрийн экспорт 8,400 мянган тоннд, газрын тосны экспорт 4,210 мянган баррельд тус тус хүрч, нийт экспортын дүн 16.7 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна.

Энэхүү блогт тусгагдсан үр дүн, тайлбар, дүгнэлт нь Эдийн засаг, хөгжлийн яамны байр суурийг илэрхийлэх албагүй болно.