БНСУ-ТАЙ БАЙГУУЛАХ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ДӨРӨВ ДЭХ ШАТНЫ ХЭЛЭЛЦЭЭ АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ

A- A A+
БНСУ-ТАЙ БАЙГУУЛАХ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ДӨРӨВ ДЭХ ШАТНЫ ХЭЛЭЛЦЭЭ АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс хооронд байгуулах Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн дөрөв дэх шатны хэлэлцээ 2024 оны 11 дүгээр сарын 25-29-ний өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдаж байна.

Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн дөрөв дэх шатны хэлэлцээний нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд С.Сүхболд, БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний сайд Инкёо Чеонг нар оролцож, хоёр талын хэлэлцээний багт амжилт хүслээ.

Тус хэлэлцээрийг монголын талаас Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, солонгосын талаас Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамны Чөлөөт худалдааны хэлэлцээрийн газрын захирал Хеэжин Вон нар тус тус ахалж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд хоёр талын хэлэлцээний баг гурван шатны хэлэлцээг хийж, үндэсний эрх ашгийг хамгаалах, худалдаа, хөрөнгө оруулалтыг хөгжүүлэх чиглэлээр албан ёсны яриа хэлэлцээг хийж, тодорхой ахиц гаргаад байна.

Дөрөв дэх шатны хэлэлцээнд солонгосын талаас холбогдох яамд, агентлагуудын 70 гаруй төлөөлөгчид, монголын талаас Хэлэлцээний баг Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Гадаад харилцааны яам, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо, Гаалийн ерөнхий газрын төлөөллүүдээс бүрдсэн нийт 51 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна.

Монгол Улсын Засгийн газраас экспортоо төрөлжүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бараануудад татварын болон гарал үүслийн таатай нөхцөл авахад онцгойлон анхаарч байгаа бөгөөд худалдааны үйл ажиллагааг цогцоор нь хөнгөвчлөх хүрээнд барааг хилээр нэвтрүүлэх, эрүүл ахуй, хорио цээр, стандартын асуудал, шударга өрсөлдөөнийг дэмжиж, хэрэглэгчдийн эрхийг хамгаалах бүхий л асуудлыг уялдуулан, монголын эрх ашгийг хамгаалах, давуу нөхцөл олох чиглэлээр яриа хэлэлцээг үргэлжлүүлж байна.

Энэхүү хэлэлцээр нь хоёр орны худалдаа, үйлчилгээ, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд манай улсын хувьд дэлхийн топ 10 том эдийн засагтай улсад багтах БНСУ-ын зах зээлд бараа, үйлчилгээгээ саадгүй нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэх юм.