АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ХОМСДОЛ

A- A A+
АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ХОМСДОЛ

С.Хүрэл-Эрдэнэ, Г.Хулан

Сүүлийн жилүүдэд олон улсад хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зөрүүтэй байдал нэмэгдэж ажиллах хүчний хомсдол бодитой сорилт болж байна. Манай улсын хувьд ч мөн адил сүүлийн жилүүдэд ажиллах хүчний хомсдол өсөх хандлагатай байна. Судалгаагаар[1] Монгол Улсад ажиллах хүчний хомсдол 2018 оноос хойш жил бүр дунджаар 8 мянгаар өссөөр 2022 онд гэхэд 4-5 аж ахуйн нэгж байгууллага тутмын нэг нь ажиллах хүчний хомсдолд өртөж, шаардлагатай 48.9 мянган ажилтнаа авч чадаагүй байна. Харин 2023 онд ажиллах хүчний хомсдол огцом буурч 16.2 мянгад хүрсэн байна. Үүнд эдийн засгийн өсөлтийн нөлөөгөөр хөдөлмөрийн зах зээлд ажилчдын тоо нэмэгдэж, ажилгүйдэл буурсан нь нөлөөлсөн байж болох талтай.

Ажиллах хүчний хомсдолын дийлэнх нь бөөний болон жижиглэн худалдаа, машин мотоциклын засвар үйлчилгээ, барилга, боловсруулах үйлдвэрлэлийн салбаруудад ажиглагдсан байна. Хомсдолтой ажил, мэргэжлийн хувьд үйлдвэрлэл, аж ахуйн туслах ажилтан, барилгын туслах ажилтан, жолооч, тогооч, гагнуурчин, худалдагч, барилгын мужаан, сантехникч зэрэг мэргэжлүүд хамгийн их эрэлттэй байжээ.

Зураг 1. Ажиллах хүчний хомсдол, мянган хүн

Зураг 2. Хөдөлмөрийн насны хүн амын нийт хүн амд эзлэх хувь

Эх сурвалж: Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометрийн судалгаа (2013-2024 он), ХНХСҮСИ

Эх сурвалж: ҮСХ, Хүн амын хэтийн шинэчилсэн тооцоо 2020-2050 он

Ажиллах хүчний хомсдолын шалтгааныг хөдөлмөрийн эрэлт болон нийлүүлэлт талаас тайлбарлах боломжтой.

  1. Хөдөлмөрийн эрэлт талын хомсдол буюу ажил олгогчдод тулгарч буй бэрхшээл:
  • Ажил горилогчид аж ахуйн нэгжээс хэт өндөр цалингийн хүлээлттэй байдаг буюу ажил олгогчийн хүссэн бага цалингаар ажиллах ажилчид олдохгүй байх,
  • Ажил горилогчид тухайн ажлын байранд шаардагдаж буй ур чадвараар дутмаг буюу ажилтан өөр ур чадвар эзэмшсэн байх гэх мэт.
  1. Хөдөлмөрийн нийлүүлэлт талын хомсдол буюу хөдөлмөрийн насны хүн амын тооны өөрчлөлт:
  • Монгол Улсад 1990-2005 онд жилд дунджаар 45-50 мянган хүүхэд мэндэлсэн нь сүүлийн 30 жилийн дунджаас 15-20 мянгаар бага үзүүлэлт юм. Энэ 16 жилийн хугацаанд нийт төрөлт 240-320 мянгаар буурсан нь ажиллах хүчний нөөцөд мэдэгдэхүйц нөлөө үзүүлжээ. Өөрөөр хэлбэл 1990-2005 онд төрсөн хүүхдүүд өнөөдөр 18-35 насны бүлэгт багтаж, хөдөлмөрийн зах зээлийн бүрэлдэхүүн болж байна. Тиймээс тухайн үеийн төрөлтийн бууралт нь одоогийн ажиллах хүчний нийлүүлэлтэд сорилт дагуулж буйг анхаарах нь зүйтэй. Энэхүү бага төрөлтийн үеийн нөлөө 2028 оноос суларч цаашид хөдөлмөрийн насны хүн амын тоо аажмаар нэмэгдэхээр байна.
  • Ажиллах хүчний хөгжингүй орнууд руу гадагшлах урсгалын талаар зарим статистик дурдъя. Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогоор гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 10 жилийн өмнөх үзүүлэлтээс 14 хувиар өсөж 122 мянгад хүрсэн. Түүнчлэн 2023 онд хийгдсэн судалгаагаар[2] гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 106.5 мянга байгаагаас ойролцоогоор 3 хүн тутмын 1 нь БНСУ-д буюу 32 мянган хүн, АНУ-д 13 мянган хүн буюу 12 хувь, Японд 10.7 мянган хүн буюу 10 хувь, БНЧУ-д 7.5 мянган хүн буюу 7 хувь нь оршин сууж байна. Эдгээрээс БНСУ-ыг авч үзвэл, 2024 оны эцсийн байдлаар 57 мянган Монгол иргэн оршин сууж байгаа нь 4 жилийн туршид 14 мянган хүнээр нэмэгдсэн үзүүлэлт болж байна. Үүнд их дээд сургууль, хэлний бэлтгэл сургалтад хамрагдах зорилгоор оршин сууж буй иргэдийн тоо 61 хувиар өссөн нь голчлон нөлөөлжээ.

Мөн Ур чадварын индексийн[3] Brain Drain үзүүлэлт буюу ур чадвартай боловсон хүчний гадагшлах хандлагыг илэрхийлдэг үзүүлэлтээр манай улс 2021 онд 3.52 оноо авч, 67 улсаас 51 дүгээрт эрэмбэлэгдэж байсан бол 2024 онд оноо нь 2.33 болон буурч, 67 улсаас 63 дугаарт эрэмбэлэгдсэн байна. Энэ нь удирдах ажилтнуудын нүдээр оюунлаг боловсон хүчний гадагшлах урсгал нэмэгдэж байгааг харуулж байна.

____________________________________________________________________

[1]Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометрийн судалгаа, ХНХСҮСИ

[2] ҮСХ болон Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний Байгууллага хамтран боловсруулсан “Монгол Улсын иргэдийн гадаадад шилжих хөдөлгөөн ба гадаад хувийн шилжүүлэг, тэдгээрийн үр нөлөө” судалгаа

[3] IMD байгууллагаас зарладаг тус индексийг 0-10 хүртэлх оноогоор үнэлдэг бөгөөд 10-д дөхөх тусам мэргэшсэн ур чадварлаг боловсон хүчин гадагшлах хандлага өндөр байгааг илтгэнэ.