Монгол-Казахстаны хамтын ажиллагаа шинэ шатанд: Бизнес форум, санамж бичиг, өндөр түвшний уулзалтууд боллоо

A- A A+
Монгол-Казахстаны хамтын ажиллагаа шинэ шатанд: Бизнес форум, санамж бичиг, өндөр түвшний уулзалтууд боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт хийж, улмаар албан ёсны хэлэлцээ өрнүүллээ.

Энэхүү айлчлалын үеэр Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам болон Казахстан Улсын Худалдаа, интеграцийн яам хооронд “Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Уг баримт бичиг нь хоёр улсын худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх зорилтыг дэмжихээс гадна Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ)-ны хооронд байгуулсан чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах юм.

Айлчлалын хүрээнд Монгол-Казахстаны бизнес форум Астана олон улсын санхүүгийн төв-д зохион байгуулагдаж, Монголын талаас 90 гаруй аж ахуйн нэгжийн 100 гаруй төлөөлөл, Казахстаны талаас 150 гаруй бизнес эрхлэгч оролцов.

Форумыг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Шадар сайд Серик Жумангарин нар нээж үг хэлэв.

Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр хэлсэн үгэндээ Монгол Улс ЕАЭЗХ-той байгуулсан худалдааны түр хэлэлцээрийн ач холбогдлыг онцолж, уг хэлэлцээр удахгүй хэрэгжсэнээр Монгол Улсаас экспортлох 367 нэр төрлийн бараа тарифын хөнгөлөлтөд хамрагдах бөгөөд үүний 97.5 хувь нь хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болохыг дурдлаа. Тэрбээр хэлэлцээр нь хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хамтарсан төсөл, хөрөнгө оруулалтыг бодит ажил хэрэг болгоход чухал ач холбогдолтойг тэмдэглэв.

Мөн Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулагчдад тогтвортой, ил тод орчныг бүрдүүлэх, эрх зүйн баталгааг сайжруулах, төрийн оролцоог бууруулах, хувийн хэвшлийг дэмжих, төрийн үйлчилгээг цахимжуулах бодлогыг тууштай хэрэгжүүлж байгааг онцоллоо.

Түүнчлэн, Ж.Энхбаяр сайд болон Серик Жумангарин нар хоёр талын уулзалт хийж, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, зам тээвэр, логистик, бүс нутгийн аялал жуулчлал зэрэг салбарт дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, тодорхой төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх талаар илэн далангүй санал солилцож, цаашдын чиглэлүүдийг тодорхойлов.