Монгол, Японы Төр, хувийн хэвшлийн түншлэлийн XIII зөвлөлдөх уулзалт өнөөдөр /2026.11.27/ Гадаад харилцааны яаманд боллоо. Зөвлөлдөх уулзалтыг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн дэд сайд К.Такаги нар даргалав.
МҮХАҮТ, Япон-Монголын Эдийн засгийн хорооны удирдлага, гишүүн ААН-үүд, Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ болон хоёр улсын төрийн байгууллагын нийт 90 гаруй төлөөлөгч оролцсон юм.
Зөвлөлдөх уулзалтын хаалтын үйл ажиллагаанд Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн үг хэллээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ, өнөөдрийн уулзалтаар хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны одоогийн нөхцөл байдал, тулгарч буй сорилтуудыг хэлэлцээд зогсохгүй, цаашид хэрэгжүүлэх бодит алхмууд, шинэ боломжуудын талаар үр дүнтэй санал солилцсон болохыг онцоллоо.
Мөн "Ирэх онд Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт хийж эхэлсний 20 жилийн ой тохионо. Энэхүү түүхэн ойн босгон дээр болж буй өнөөдрийн зөвлөлдөх уулзалтаар талууд хэлэлцсэн зүйлсээ нэгтгэн дүгнэхийн сацуу цаашдын алхмаа тодорхойлсон хэлэлцүүлгийн тэмдэглэл батлахаар болсонд баяртай байна. Хоёр орны хамтын ажиллагааны бат бөх суурь болсон төр, хувийн хэвшлийн энэхүү түншлэл, итгэлцэл тулгуурлан харилцан ашигтай худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг шинэ шатанд гарган хөгжүүлэхийн төлөө цаашид ч бүгд хүчин чармайлт гарган ажиллана гэдэгт итгэлтэй байна. Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад идэвхтэй оролцсон Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, хоёр орны бизнесийн холбоод, түүнчлэн хүрэлцэн ирсэн нийт бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдад дахин талархал илэрхийлье" гэв.
Уулзалтын явцад хувийн хэвшлийн төлөөлөгчдөөс гаргасан санал, санаачилгууд болон бизнес эрхлэх орчныг сайжруулах талаар зөвлөмжүүдийг дэвшүүлсэн бөгөөд Монгол Улсын Засгийн газар, холбогдох яам, агентлагууд бодлого шийдвэртээ тусган бодит ажил хэрэг болгохын төлөө ажиллана гэдгийг дурдав.






