Монгол, Оросын Бүс нутгийн хоёрдугаар чуулга энэ сарын 14, 15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө. Чуулга уулзалтад ОХУ-ын Засгийн газар, холбооны байгууллагууд, бизнесийн хүрээнийхэн зэрэг 400 орчим төлөөлөгч оролцсон юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук нар өнөөдөр /2026.09.15/ уулзаж, Монгол, Оросын бүс нутгийн II чуулга уулзалтын үр дүнг өндрөөр үнэлж, сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Мөн хоёр улсын бүс нутаг хоорондын хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов.
Чуулга уулзалтын хүрээнд хүрсэн тохиролцоонууд нь Монгол, Оросын бүс нутаг хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, худалдаа, хөрөнгө оруулалт, тээвэр логистик болон аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтойг талууд онцоллоо.
Монгол, Оросын бүс нутгийн II чуулга уулзалтаар,
- Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын Худалдааны түр хэлэлцээрийн дагуу байгуулагдсан Хамтарсан хорооны анхдугаар хуралдаан,
- “Тээврийн холболт, хил орчмын хамтын ажиллагаа: Евразийн коридорыг хөгжүүлэхэд Монгол, Оросын бүс нутгийн гүйцэтгэх үүрэг” сэдэвт салбар хуралдаан,
- Монгол, Оросын бүс нутгуудын спортын салбарын хамтын ажиллагааны салбар хуралдаан,
- Монгол, Оросын хамтын ажиллагааны Үндэсний бизнесийн зөвлөлүүдийн хамтарсан өргөтгөсөн хуралдаан,
- Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаа, аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд комиссын XVIII хуралдаан зэргийг амжилттай зохион байгуулсан юм.
Дээрх салбар хуралдаануудаар “ДЦС-3”-ын өргөтгөл, шинэчлэл, Эгийн голын усан цахилгаан станц, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжих байгалийн хийн хоолой, төмөр замын шинэчлэл зэрэг томоохон төслүүдийн талаар санал солилцож, эдгээр төслийг хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чухал чиглэлүүд гэж үзсэн билээ.






