Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн 2026 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын Засгийн газар болон НҮБ хамтран Монгол Улсад 2028-2032 онд хэрэгжүүлэх “НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичигт тусгах хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлох Үндэсний зөвлөлдөх уулзалтыг нээж үг хэллээ.
Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд С.Даваасүрэн хэлсэн үгэндээ Монгол Улсын хувьд ашигт малтмалын арвин нөөц, сэргээгдэх эрчим хүчний өндөр боломж, газар зүйн хувьд стратегийн онцгой байршил болон хүн ам харьцангуй залуу зэрэг хөгжлийн томоохон боломж, давуу талууд байгааг онцлоод эдгээр давуу талаа бид эдийн засгаа төрөлжүүлэх, инновац, бүтээмжийг нэмэгдүүлэх, хүний хөгжлийг ахиулах, ногоон шилжилтийг хурдасгахад үр дүнтэй ашиглах нь нэн чухал болоод байгааг тэмдэглэлээ.
Энэ удаагийн “НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичигт “Баялгийг хүн бүрийн сайн сайхны төлөө” гэсэн үзэл баримтлалд үндэслэн чанартай боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллаар дамжуулан хүний хөгжилд хөрөнгө оруулах, эдийн засгийг төрөлжүүлэх замаар зохистой ажлын байрыг нэмэгдүүлэх, хөгжлийг байгаль орчны тогтвортой байдалтай уялдуулах, тэгш, хүртээмжтэй ногоон шилжилтийг эрчимжүүлэх, засаглал, хариуцлагыг бэхжүүлэх зэрэг тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон байна. Оролцогчид эдгээр тэргүүлэх чиглэлийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлоо илэрхийлэн зөвлөмж гаргав.
Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг 2028-2032 онд хэрэгжүүлэх “НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичигт тусгаж, НҮБ-ын дэмжлэгийг Монгол Улсын хөгжлийн хамгийн шаардлагатай, хэрэгцээтэй салбаруудад чиглүүлэхэд үндэс суурийг тавих юм.
Зөвлөлдөх уулзалтыг Гадаад харилцааны яам, Эдийн засаг, хөгжлийн яам, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газартай хамтран зохион байгуулсан бөгөөд олон улсын хамтын ажиллагааны байгууллагууд, иргэний нийгмийн төлөөллүүд, залуучууд болон эрдэмтэн судлаачид зэрэг олон талын оролцоотой уулзалт болж өндөрлөлөө.








