Эдийн засаг, хөгжлийн яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Г.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ төрийн үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгжүүдэд шуурхай, хүртээмжтэй хүргэх нь бизнес эрхлэх эрх чөлөөг хангах, бизнесийн орчныг сайжруулах, эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг онцолсон бол.
Хууль зүй, дотоод хэргийн яамны Хяналт шалгалт, дотоод аудитын газрын дарга А.Энх-Эрдэнэ хууль зүйн салбарын байгууллагууд төрийн үйлчилгээний цахимжилтыг эрчимтэй хэрэгжүүлж байгааг дурдахын зэрэгцээ төрийн байгууллагууд аливаа үйлчилгээг үзүүлэхдээ төрд байгаа мэдээллийг иргэн, аж ахуйн нэгжээс дахин шаардахгүй байх, байгууллага хоорондын мэдээлэл солилцоог сайжруулах, хүнд сурталгүй шуурхай үйлчилгээний тогтолцоог бүрдүүлэх шаардлагатайг онцоллоо.
Тус арга хэмжээний хүрээнд Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн гол өөрчлөлт, хэрэгжилт, хууль зүйн салбарын зөвшөөрөл олгох үйл явц, төрийн үйлчилгээний цахимжилт, хяналт шалгалт болон анхаарах асуудлаар илтгэгч нар мэдээлэл өглөө.
Үүнд:
- Эдийн засаг, хөгжлийн яамны Бизнесийн орчны бодлогын газрын ахлах мэргэжилтэн Л.Золзаяа “Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн гол өөрчлөлт, нэгдсэн сангийн тухай”;
- Хил хамгаалах ерөнхий газрын Шалган нэвтрүүлэх хяналтын дарга, дэд хурандаа Х.Хангард “Хил хамгаалах байгууллагаас олгох зөвшөөрөл, төрийн үйлчилгээ, цахимжилт, анхаарах асуудал”;
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын дарга Ж.Аюуш “Улсын бүртгэлийн байгууллагаас үзүүлэх төрийн үйлчилгээ, цахимжилт, анхаарах асуудал”;
- Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн байгууллагын Зөвлөгөө, мэдээллийн хэлтсийн дарга Ц.Солонго “Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн байгууллагаас үзүүлэх төрийн үйлчилгээ, цахимжилт, анхаарах асуудал”;
- Архивын ерөнхий газрын Мэдээллийн технологийн газрын дарга Х.Төмөрбаатар “Архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал эрхэлсэн байгууллагаас үзүүлэх төрийн үйлчилгээ, цахимжилт, анхаарах асуудал” сэдвээр тус тус танилцуулга хийв.
Мөн арга хэмжээний хүрээнд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, “И-Монгол академи” УТҮГ, “Санхүүгийн мэдээллийн технологийн төв” УТҮГ-ын төлөөллүүд цахим үйлчилгээний зохицуулалт, зөвшөөрлийн цахим системийн талаар мэдээлэл өгч, оролцогчдын асуултад хариуллаа.
Арга хэмжээний төгсгөлд оролцогчид зөвшөөрөл олгох үйл ажиллагааны хэрэгжилт, төрийн үйлчилгээний цахимжилт, байгууллага хоорондын мэдээлэл солилцоо, уялдаа холбоог сайжруулах чиглэлээр санал, хүсэлтээ илэрхийлж, харилцан мэдээлэл солилцов.Түүнчлэн зөвшөөрөл, мэдэгдлийн тогтолцоог боловсронгуй болгох, төрийн үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгжид илүү шуурхай, хүртээмжтэй хүргэх, бизнес эрхлэхэд тулгарч буй захиргааны саадыг бууруулахад анхаарах асуудлуудыг хэлэлцлээ.


