Австри Улсын хөрөнгө оруулагчид, бизнесийн төлөөлөлтэй уулзлаа

A- A A+
Австри Улсын хөрөнгө оруулагчид, бизнесийн төлөөлөлтэй уулзлаа

Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Анар нар Австри Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны худалдааны консул Михайл Бергер тэргүүтэй Австри Улсын хөрөнгө оруулагчид, бизнесийн төлөөлөгчдийг 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн бодлого, үр дүн, цаашдын төлөв, хөрөнгө оруулалтын орчин, шинээр бизнес хийх боломжийн талаар мэдээлэл өгч, эрүүл мэнд, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, мах боловсруулах үйлдвэр, тээвэр, уул уурхайн тоног төхөөрөмж, логистик, цахим боловсрол, медиа тоног төхөөрөмжийн бизнес эрхлэгчдийн сонирхол, үйл ажиллагааны чиглэлтэй танилцан сонирхсон асуудлаар дэлгэрэнгүй ярилцлаа.           

Энэ жил Монгол-Австри хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож буй бөгөөд Монгол Улсад хөрөнгө оруулах, бизнесээ өргөжүүлэх сонирхолтой эдгээр төлөөлөгчдийн хувийн хэвшил, бусад байгууллагуудтай хийх уулзалтуудад амжилт хүсэж, Эдийн засаг, хөгжлийн яам, Хөрөнгө оруулалт, худалдааны газрын чиг үүргийн хүрээнд дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.