Холбооны Бүгд Найрамдах Герман улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Томас Графыг хүлээн авч уулзлаа

A- A A+
Холбооны Бүгд Найрамдах Герман улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Томас Графыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Томас Графыг хүлээн авч уулзан, Монгол, Германы стратегийн түншлэл, худалдаа, эдийн засаг болон хөгжлийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийн талаар санал солилцов.

Уулзалтын үеэр Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр хоёр улсын стратегийн түншлэлийн эдийн засгийн агуулгыг улам баяжуулж, худалдаа, хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэв. Тэрээр Германы хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүдийн Монгол дахь оролцоог нэмэгдүүлэх, бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, харилцан ашигтай төсөл, санаачилгуудыг хамтран хэрэгжүүлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газрын бодлого, зорилтын талаар мэдээлэл өглөө.

Элчин сайд Томас Граф эдийн засгийн хамтын ажиллагааг эрчим хүчний шилжилт, сэргээгдэх эрчим хүч, суурь чадавхыг бэхжүүлэх, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр харилцаагаа өргөжүүлэхэд онцгой анхаарч ажиллахаа илэрхийлэв.