Эдийн засаг, хөгжлийн яам, Германы Олон улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ) хамтран Олон улсын уур амьсгалын санаачилга (IKI) байгууллагын санхүүжилтээр “Монгол Улсад уур амьсгалд ээлтэй бөгөөд тэсвэртэй эдийн засгийн хөгжлийг загварчлах нь” сэдэвт төслийн нээлтийн семинарыг амжилттай зохион байгууллаа.
Нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л.Балчинлувсан уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ уур амьсгалын өөрчлөлт, түүний сөрөг нөлөөг бууруулах, дасан зохицох, байгаль орчны тогтвортой байдлыг хангах асуудал нь Монгол улсын урт, дунд, богино хугацааны бодлогод туссаныг дурдаад, уур амьсгалд ээлтэй, тэсвэртэй эдийн засгийн бодлогыг тодорхойлон хэрэгжүүлэхэд олон талын хамтын ажиллагаа чухал болохыг онцолж байв.
Энэ төслийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох эдийн засгийн загварыг хөгжүүлэх бөгөөд уг арга хэмжээнд төрийн болон олон улсын байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын 40 гаруй төлөөлөл оролцож, Монгол Улсад загвар хөгжүүлэхэд тулгамддаг нийтлэг асуудлууд болох өгөгдөл, хамтын ажиллагаа, хүний нөөц болон техникийн чадавх, тогтвортой байдал, түүний шийдлийн талаар хэлэлцлээ.