Монгол Улсын Засгийн газраас аймаг, нийслэлийн Иргэдийн хурлын дарга, Засаг дарга нарт яамдын 2024 онд хэрэгжүүлэх бодлого, зорилтын талаар мэдээлэл өгөх цахим уулзалтыг 2024 оны 1 дүгээр сарын 11-19-ний өдрүүдэд зохион байгуулж, уулзалтыг Эдийн засаг, хөгжлийн яам болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар эхлүүллээ.
Уулзалтын үеэр Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү болон бодлогын газрын дарга нар эдийн засгийн нөхцөл байдал, Засгийн газрын авч хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээнүүдийн үр дүн, 2024 оны Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, 2025 оны улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө боловсруулах, шинээр хэрэгжиж эхлэх Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай зэрэг хуулиудын хэрэгжилтэд анхаарах зүйлс, бодлогын тэргүүлэх чиглэл, орон нутагтай хамтарч ажиллах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, санал солилцлоо. Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэх сэдэвтэй форум, чуулганыг 2024 оны 1-р сарын 29, 30-ны өдрүүдэд зохион байгуулна.